sonin.mn
ХХААЯ-наас Үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгчдийг дэмжин Хүнсний аюулгүй байдлын нэг сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-эрүүл хүнс” үзэсгэлэн-худалдаа, өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо. 
 
Энэхүү өдөрлөгөөр Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 30 гаруй аж ахуйн нэгж  эхний өдөр “Сүүтэй Монгол”, 2 дахь өдөр “Эрүүл, шимтэй махаар-эрүүл хоол, хүнс”,   3 дахь өдөр “Ургацын талбай-эрүүл ургац”, “Эко ус, ундаа” нэртэйгээр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тал дээр хийж буй ажлаа сурталчлах, мэдээлэл авах,  шинэхэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэд хүргэх юм.
 
Түүнчлэн “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, зааврыг мөрдүүлэхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл солилцох зэрэг нэлээд өргөн хүрээнд  үйл ажиллагаа явуулж буйд өдөрлөгийн ач холбогдол оршино.
Монгол Улсын Засгийн газраас 2012 онд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг тус тус шинэчлэн батлан, түүний хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттай оновчтой үйл ажиллагаа явуулснаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, импортлох, экспортлох зэрэг хүнстэй холбоотой үйл ажиллагааны бүх үе шатанд тавигдах шаардлага, дотоодын болон хөндлөнгийн хяналт дээшилж, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй шим тэжээлтэй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах боломж бүрдэж байгаа юм.