sonin.mn
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гурван хэлэлцээрийн төсөл, Буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцлээ. 
 
Хуралдаанаар эхлээд “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийн талаар хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хийв.
 
 
 
Тэрбээр, зээлийн хөрөнгөөр сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар боловсролын чанарыг сайжруулна гэв. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ нь 30.0 сая ам доллар бөгөөд багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая ам.доллар, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээнд 14.9 сая ам долларыг тусгаад байгаа аж. Мөн “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сургууль бүрт 3000 ам долларын санхүүжилтийг тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд олгохоор тусгажээ. Харин үлдсэн 5.7 сая ам долларыг системийн удирдлага, мониторинг, үнэлгээ хийх, яамны санхүүгийн менежмент болон дотоод аудит ба худалдан авалтын чиглэлээр чадавхи бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус тус төлөвлөсөн байна.
 
 
 
Зээлийн хэлэлцээрийн талаар Ч.Хүрэлбаатар гишүүн, Засгийн газрын өрийн хэмжээнд уг зээл нөлөөлөх эсэх, гадны санхүүжилтээр сурагчдын эх хэлээрээ уншиж, бичих чадварыг дээшлүүлэхээр төсөл оруулж ирж байгааг эсэргүүцээд яамны үндсэн ажил атал гаднаас зээл авч ажлаа хийхээр оруулж ирж байгааг дэмжихгүй хэмээв.  
 
Түүний асуултад салбарын сайд, эх хэлний чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд унших бичих, бодох зэрэг бүхий л хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг багц болгон оруулсан бөгөөд аль нэгийг нь орхигдуулж төлөвлөх боломжгүй тухай хэлээд зээл нь бүхэлдээ хүүхдийг хөгжүүлэхэд зориулагдана гэв.
 
Гишүүний асуултад сангийн дэд сайд С.Пүрэв, Засгийн газраас Дэлхийн банктай дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг байгуулсаны дагуу хийгдэж байгаа ажил гээд дээрх зээлүүд энэ оны төсөвт тусгагдсан учраас өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хэмээн хариулсан.
 
 
 
Гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа зээлийн хэлэлцээр байгуулахыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 10 гишүүний санал 5:5 тэнцэж хуралдааны дэгийн дагуу асуудлыг дэмжигдээгүйд тооцож санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.   
 
Үүний дараа Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн болон "Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслүүдийг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлаар гаргасан гишүүдийн санал, байнгын хорооны дүгнэлтийг нэгтгэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
Дараа нь мөн хэлэлцээрийн талаар хэлэлцсэн бөгөөд Засгийн газар, Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийн талаар Гадаад хэргийн яамны сайд П.Пүрэвсүрэн танилцуулав. Уг буцалтгүй тусламж нь хоёр талын хооронд байгуулагдах компакт гэрээг 2 жилийн хугацаанд боловсруулах ажлын албаны цалингийн зардал болох 750.0 мян долларыг санхүүжүүлэх зориулалттай бөгөөд хэлэлцээрийн дагуу манай талаас дээрх санхүүжилтэд аливаа татвар ногдуулахгүй байхаар үүрэг хүлээж байгаа тул энэхүү асуудлыг зөвшилцөхөөр Улсын Их Хуралд оруулж иржээ.
 
 
 
Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх буцалтгүй тусламжийн талаар хэлэлцээд хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн талаар дүгнэлтээ мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
 
Хуралдааны төгсгөлд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.
 
Харин хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нарын гишүүд горимын санал гаргаж гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.
 
 
 
Д.Дэмбэрэл гишүүн дээрх хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай юм. Учир нь хуулийн төсөл өөрөө олон төрлийн харилцааг хөндөж байгаа тул Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай. Тиймээс уг асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дахин оруулж хэлэлцүүлсний дараа хэлэлцэх саналтай байна гэсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.