sonin.mn
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.05.26/ үдээс өмнө хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо.
Хуралдааныг УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг удирдан явуулав.
 
Монгол Улсын Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан танилцуулгадаа, “ 2014 онд сайжруулсан зуухны төслүүдэд нийт 21735 зуух нийлүүлж, санхүүжүүлсэн татаас 4389,0 төгрөг болсон. Сайжруулсан түлшний борлуулалтад зориулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2011 оны 11/06 тогтоолын дагуу Нийслэлийн агаарын чанарын албанд 94,3 сая төгрөг, Үртсэн түлшний татаасанд 24,9 сая төгрөг зарцуулсан. Мөн Шарын гол энерго ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК-тай гэрээ байгуулснаар эдгээр компаниуд нийт 329,1 тонн түлш нийлүүлсэн. Тээвэр, борлуулалтын ажилд 16,3 сая төгрөг олгосон. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийг сайжруулах төслүүдийн хүрээнд, дулааны эрчим хүчний чиглэлээр НЗД-ын захиалгаар хэрэгжүүлсэн Дэнжийн 1000-ын 1-р ээлжийн ажлын үлдэгдэл санхүүжилт 128,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Хүрд” ХК, Батлан хамгаалах яамны захиалгаар хэрэгжүүлсэн 2013 оны гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт 91,98 сая төгрөг /гүйцэтгэгч “Жаргал констракшн” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар БГД-ийн 113-р сургуулийн гадна дулаан, ЧД-ийн 39-р сургуулийн дотор халаалтын ажилд 100,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Яруу ус” ХХК, “Зууны сод хийц” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хэрэгжүүлсэн СБД, БЗД, ЧД-ийн 11 байрлалд АТП-ийн ачаалал хөнгөлөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд 954 сая төгрөг /гүйцэтгэгч 11 ААН/-ийн санхүүжилт олгосон. Агаарын чанарын хяналт шинжилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нийт 415,6 сая төгрөгийн багаж авахад санхүүжилт олгосон бол Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох ажлыг 327,5 сая төгрөгөөр, Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын ажлын санхүүжилтэд 322 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэлээ. Тус сангийн 2015 оны нийт төсөв 16,2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 4,2 тэрбум нь өмнөх оны гэрээт ажлуудын үлдэгэл санхүүжилт байгаа аж. Цэвэр агаарын сан 2015 оны хоёр, гуравдугаар сард Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтад хамрагдаж “зөрчилгүй” санал дүгнэлт авсан байна. Тус сан 2015 оны төсвийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна гэв.
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тус хороон дээр бүх бодлого зангидагддаг. Харин мөнгийг нь олгодог газар бол Цэвэр агаарын сан. Иймээс эхлээд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бодлогыг сонсох ёстой гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун гаргасан юм. Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, өнөөдрийн хуралд Үндэсний хороо мэдээлэл хийнэ гэсэн чиглэл өгөгдөөгүй. Харин өнгөрсөн долоо хоногт Үндэсний хороо хуралдаж 2015 онд хийх ажлын чиглэлээ ярьсан. Хурлаар Ерөнхий сайд тараагдсан зуухнуудын дүнг гаргах чиглэл өгсөн. Мөн бүх яамдын агаарын бохирдол хариуцсан дарга нарыг цуглуулж санал авсан. Энэ оны төлөвлөгөөний урьдчилсан төсөл гаргаж яаманд дахин танилцуулж санал авахаар хүргүүлсэн байгаа гэв.
 
Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга асуултдаа, агаарын бохирдол жил тутамд багасч байгаа гэсэн итгэл үнэмшил байна уу. Ер нь ахиц дэвшил гарч байгаа юмуу. Баянхонгор аймагт агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй гарч байгаа нь юунаас шалтгаалж байна, утааг багасгах бусад улс орны туршлага байгаа эсэхийг тодотгосон юм.
 
Энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлтэй байна. Зөвхөн тоосжилт 26 хувьтай байгаа нь энэ арга хэмжээний үр дүн бага ч боловч гарч байна гэж үзэж байгаа. Баянхонгор, Даланзадгад, Сайншандад агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй байна. Энэ нь хил дамнасан буюу хуурай орчны нөлөөлөл, байгаль, цаг уурын нөлөөллөөс шалтгаалж байна. Цаашид урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.
 
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, агаарын бохирдол зуны цагт гайгүй мэт боловч өвлийн улиралд хүнд асуудал байдаг. Хэзээ нэгэн цагт орон сууцжуулна, хийн түлшний хэрэглээтэй болгоно гээд суугаад байж болохгүй. Бага багаар ч боловч асуудлыг шийдээд явах нь зөв. 2012 оныг өнөөдөртэй харьцуулахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан. Энэ нь ямар ямар үзүүлэлтээр буурсан шалтгааныг ажлын хэсэг тодорхой гарган танилцуулах хэрэгтэйг анхааруулав.
 
Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг, эдийн засаг гайгүй үед Цэвэр агаарын санд 30 тэрбум төгрөг хуримтлагддаг байсан. Өнөөдөр энэ тоо буурсан үзүүлэлтэй байгаа. Шинэ Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг хойш тавьсан. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо 10-15 жилийн төлөвлөгөө гаргаж, гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлэх нь зүйтэй. Мөн Агаарын бохирдлыг бууруулах хороо эдгээр санал, шийдэлд тулгуурлан хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
 
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, агаарын бохирдлыг бууруулахад зуух эхний шат. Дараа нь газын хэрэглээг нэвтрүүлэхэд импортоор авах асуудал гарч ирнэ. Хүн харахад маш их зүйл хийсэн харагдаад байгаа ч энэ нь өөрөө үр дүн муутай ажил. Бусад улс орон утаанаас салахдаа орон сууцжуулах болон газын хэрэглээг ашигласан байдаг. Одоо энэ утаа бууруулах зуухыг ашиглаж цаашид хэдэн жил явах юм. Үүнийг үндсэндээ буруу шийдэл гэж харж байна. Миний бэлтгэсэн агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, орон сууцжуулахтай холбоотой 15 минутын цогц шийдэл танилцуулга бий. Энэ танилцуулгатай та бүхэн танилцаж үзэх, улмаар Ерөнхий сайдад хүргүүлэх саналтай байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.