sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 773 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 899, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.
 
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж, алтны санхүүжилт олгох талаар Монголбанк болон Хөгжлийн банкны удирдлагатай уулзалт хийж, тодорхой шийдэлд хүрчээ. Уулын ажлын төлөвлөгөөгөөр  олборлох алтны 30 хүртэл хувийн баталгааг Хөгжлийн банк гаргаж Монголбанк санхүүжилтийг нь арилжааны аль нэг банкинд олгоно. Зээл төлөх баталгаа, гарах эрсдэлийг аж ахуйн нэгжүүд хамтарч хүлээх үүднээс компаниуд консорциум болж хүсэлт гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх боломжтой болж байна.
 
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 
 
Товч мэдээ
 
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаевын 2015 оны 5 дугаар сарын 26-27-нд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
 
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. 
 
- Онцгой байдлын албаны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. 
 
- Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн ажлын айлчлалын зорилго бүрэн хангагдаж, амжилттай болсон төдийгүй хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо гэж дүгнэлээ.  Хамтран ажиллах талаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллахыг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.
 
- 2015 оны нэгдүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
 
- Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн 2015 оны 3 дугаар сарын 17-18-нд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг  танилцуулав.
 
- Бразил улсын Сан Пауло хотод 2015 оны 8 дугаар сарын 11-16-нд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд  оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүний зардлыг Засгийн газрын тусгай сангийн нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрч, тэмцээний бэлтгэлийг хангаж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулан, үр дүнг танилцуулахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт үүрэг болголоо.
 
- Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Б.Энхзаяаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээр томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.