sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх талаар хэлэлцжээ. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийв.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсч байна. 1987 онд ашиглалтад орсон Эрдэнэтийн ДЦС нийт 150 мянган цаг ажиллах хүчин чадалтай боловч өдгөө 200 мянган цаг ажиллаад байна. Тиймээс Эрдэнэт хотын эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөлгч Ц.Мөнхтөр хэллээ.
 
Тэрбээр, Тус хотод Төмөрлөгийн үйлдвэр, Залуус, Эко зэрэг томоохон орон сууцны хороолол барьж байгаа. Эдгээр барилга ашиглалтад ороход эрчим хүч, дулааны хангамж хүрэлцэхгүй учраас Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх компанийг энэ онд багтаан тодруулж, ажлаа эхлэхийг Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. Энэ станцыг шинэчилснээр Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай зэрэг аймгийн төвийн бүсийн эрчим хүчинд холбогдох системийн аюулгүй байдлыг хангахаас гадна энэ бүсэд дэд бүтэц хөгжүүлэх бололцоо нээгдэнэ гэж үзэж байгаа” гэлээ. ДЦС-ыг  станцыг шинэчлэхэд 55 сая ам.доллар шаардлагатай бөгөөд шинэчилснээр жилд 7.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 10 жилийн дотор зардлаа бүрэн нөхнө гэж тооцжээ. Санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкнаас гаргаж, цаашид олон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулах бодлого барьж ажиллах болно” гэв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг