sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /NHK/. Энэтхэгт сүүлийн хэд хоногт хэт халсны улмаас 500 гаруй хүн амиа алджээ. Өдрийн цагаар гэр орноосоо гарахгүй байхыг ард иргэддээ тус улсын засгийн газрын албаны хүмүүс уриалж байна.
Даваа гарагт нийслэл Шинэ-Дели хотод Цельсийн 45.5 градус хүрч халсан бол тус улсын зүүн нутагт 47 градус хүрчээ.
 
Цус харваж, шингэний дутагдалд орсны улмаас хүмүүс амиа алдсан байна. Албаны хүмүүсийн хэлснээр, хохирогчдын олонх нь барилгын ажилчид, хөгшид болон орон гэргүй хүмүүс аж.
 
Тус улсын эмнэлгүүд өвчтөнүүдэд дарагдаж байна. Гэхдээ цахилгаан эрчим хүч байнга тасалддаг учраас зарим эмнэлэг агааржуулагч болон цахилгаан сэнс ажиллуулах боломжгүй байгаа ажээ. Иргэд бухимдаж байна.
 
Хэт халалтын улмаас амь эрсдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэж хүмүүс эмээж байна. Цаг уурчдын мэдэгдсэнээр, ямартай ч энэ долоо хоногийг дуустал температур буух төлөвгүй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг