sonin.mn
"Тэвчээр барагдлаа, татвараа төлөхөө больцгооё” гэх үгийг Монголын нэр төртэй бизнесмэнүүд хэлэх боллоо. Тэдний олон нийтийг уриалах болсон шалтгаан нь мэдээж татварын дарамт. Уг нь татварыг татварын байцаагч нар л хариуцах ёстой. Гэтэл одоо хяналтаас гарч, цагдаагийн байгууллага аж ахуйн нэгж болон компаниудын санхүүгийн бүх асуудлыг эгээтэй л татварын байцаагч аятай шалгаж дарамтлах болсонд олон хүн бухимдахдаа “Тэвчээр барагдлаа, татвараа төлөхөө больцгооё” гэсэн хэрэг. 
 
Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй гэдгийг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатаар бодитойгоор хэлж байсан. Тэрбээр “Цагдаагаас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орооцолдчихсон. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” гэж хэлсэн. Уг нь татварынхан НӨАТ-ийг хуурамчаар үйлдэж зохиомлоор дампуурал үүсгэн хариуцлагаас мултарсан байгууллагуудын араас хөөцөлдөж, хохирлыг нь барагдуулж чадахгүй байгаа нь бодит үнэн. Гэтэл үнэнчээр татварын орлого бүрдүүлж байгаа байгууллагууд руу халдан дайрч, өөрсдийн дураар өндөр дүнтэй акт тавин, хүлээн зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн дарамталж, цагдаа нарыг урдаа түлхэж байгаа нь хуульд нийцэхгүй л баймаар. Уг нь цагдаа ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах үүрэгтэй байгууллага. Гэтэл баялаг бүтээгчдээ дарамталж олон мянган хүнийг ажлын байргүй болгон дарамталж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг холбогдох албаных нь хүмүүст дуулгах ёстой. 
 
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, ЦЕГ-ын дарга Р.Чингис нар хэрвээ санаж байгаа бол хоёрхон долоо хоногийн өмнө Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл. Баялаг бүтээгчдээ дарамталж биш, дэмжиж хөгждөг нь эн тэргүүний зарчим” хэмээж байсан. 
 
Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн дээрх үгийг эсрэгээр нь эргүүлж, татварынхан цагдаатай нийлж ийнхүү зүй бусаар аж ахуйн нэгжүүдтэй харьцаж байгаа нь шударга зарчим мөн үү. Өнгөрсөн онд улсын төсвийн алдагдалыг бууруулах гэж ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж байсныг хүн бүхэн мэднэ. Яг үнэндээ улсын төсвийг бүрдүүлэхийн тулд улайм цайм дээрэм хийж, төсвийн алдагдалыг бууруулж байсан түүхтэй. Тухайлбал, өмнөх Засгийн газар хувийн хэвшлийнхэнд үзүүлэх татварын дарамтыг ихэсгэж бизнес эрхлэгчдийн данс, хуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан авч зөрчил нэрээр их хэмжээний торгуулийг тэднээс авч төсвийг алдагдалгүй болгож байж. 
 
Тэгвэл яг өнөөдөр энэ байдал дахин давтагдаж, татварынхан өөрсдийнхөө хийх ёстой ажилдаа хүчний байгууллагыг татан оролцуулж байгаа нь бизнес эрхлэгчдийг шууд утгаараа дарамталж, олон зуун мянган хүнийг ажлын байргүй болгоод зогсохгүй тэдний үүдийг бариулах компанит ажил эхэллээ гэж ойлгож болохоор байна. Тэртээ тэргүй хоёр Засгийн газар дамжуулан маш олон компани үүдээ барьж, дампуурчихаад байгаа. Тэгвэл одоо арай нэг гайгүй ажиллаж, олон хүнийг цалинжуулж амьдралыг нь авч яваа компаниудад татварынхан шалгалт нэртэй шантаажлах үйл ажиллагаа явуулж, тэрбумын хэмжээтэй торгууль тавьчихаад өөрсдийгөө ажлаа хийж байна хэмээн муйхарлаж байгаа нь үнэхээр зохисгүй гэж хэлэхээс өөр алга. Татварынхан өөрсдөөсөө ичих ёстой олон хэрэг байдаг. Тухайлбал, хаанаасаа аваад хаалгачаа хүртэл мөнгөний үнэрт шунасан энэ “вант улсын” ажилчид улсын төсөвт орох ёстой мөнгөөр бийлэгжүү загнаж, уух идэхийг огтхон ч авч хэлэлцдэггүйг “алдарт Ч.Гансүх”-ийн 17 тэрбум төгрөгийн хэрэг бэлхнээ нотолно.Тэд ийнхүү аж ахуйн нэгж компаниудыг тэсэхийн аргагүй шантаажилж, дарамтлачихаад өөрсдийгөө өч төчнөөн сая төгрөгөөр урамшуулж байсан нь нийгэмд ихээхэн дуулиан тарьж, АТГ-т шалгагдаж байсан гашуун үнэн бий. Товчхондоо тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжина, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ. Дээр нь татвар төлөгчдөөс авлига авна гэх маш олон ноцтой хэргүүд шил шилээ даран гарч л байсан. Гарсаар ч байгаа нь тодорхой. 
 
Тэд төрийн нэрийн өмнөөс татвар цуглуулах онцгой эрхээ хувийн ашиг сонирхлоор зохицуулж байсан бол одоо үүнд нь цагдаагийнхан татагдан орсон нь үнэхээр харамсалтай. 
 
Ямартай ч цагдаа, татварынхны нийлсэн энэ дээрэнгүй үйлдлээс болж өнөөдөр олон аж ахуйн нэгж, компаниуд татварын өрөнд баригдаж, ажилчдаа цомхотгож, хаалгаа барьж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, компаниуд эхнээсээ дампуурч, ажилчид нь Нийгмийн болоод Эрүүл мэндийн даатгалаа ч төлүүлж чадахгүй байдалд ороод байгаа. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ хүнд үед цөөн тооны татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дарамталсаар байгаа нь яагаад ч зүйд нийцэхгүй гэдгийг Татварын Ерөнхий газрын дарга /ТЕГ/ - Б.Ариунсан болон ЦЕГ-ын дарга Р.Чингис нарын сонорт хүргэхэд буруудахгүй. 
 
 
Эх сурвалж: