sonin.mn
Элэгний C вирусийн эсрэг “Харвони” эмийг албан ёсоор бүртгэсэн боловч өнөөдөр манай улсад уг эмийг худалдаанд гаргах болон өвчтөн хэрэглэж эхлэх хугацаа нь тодорхой болоогүй байна.
АНУ-ын “Гилеад Сайенсес” компани дэлхийн зах зээлд 94 мянган ам.доллараар нийлүүлдэг элэгний C вирусийн эсрэг эмийг манайд 99 хувийн хөнгөллөлттэйгөөр нийлүүлэх болсноор манай иргэд гурван сарын курс эмчилгээний эмийн зардалд 900 гаруй орчим ам.доллар зарцуулах юм. Тухайлбал, уг эмийг сая 700 гаруй мянган төгрөгөөр авахаар байна. Гэхдээ монголчуудын хувьд тийм ч хямдхан үнэ биш гэдэг нь ойлгомжтой.
 
Иймд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж уг эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. “Харвони” эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэсэн ч яг хэзээ худалдаалах нь тодорхойгүй байна. Учир нь, ирэх сарын 10-нд АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж ЭМСЯ-тай албан ёсны хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Энэ үеэр тус эмийн үнийг тогтоож албан ёсоор танилцуулан хэзээнээс худалдах нь тодорхой болох юм.
 
Элэгний C вирусийг нарийн оношлуулж вирустэй нь тогтоогдсон өвчтөн "Харвони" эмийг эмчийн жорын дагуу бүх эмийн сангаас худалдан авч хэрэглэнэ. Монголд элэгний C вирустэй 200 гаруй мянган хүн байгаагаас 50 гаруй мянгад нь хугацаа алдалгүй жорын дагуу ууж хэрэглэх юм. Тус эмийг вирусийн эсрэг бусад эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй гэдгээрээ давуу талтай юм. Харвони эмийг Эмийн сангаас дуртай хүн нь аваад уучих эм биш. Харин уг эмийн талаар эмчийн тусгай заавар, зөвлөмж гарсаны дараа л худалдаанд гарах бөгөөд энэ оны дөрөвдүгээр улирлаас л өвчтөн хэрэглэж эхлэх магадлалтай байгаа юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж :"Монцамэ" агентлаг