sonin.mn
2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Душанбе хотод зохион байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Хятад, Орос, Монгол гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд олны анхаарлын төвд байсан энэ уулзалт нь гурван улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит шаардлагатай байгаа, харилцан нөхөх давуу талын эхлэлийг хэрэгжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтран байгуулах хэтийн төлөвийг дурдсан юм.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ямар ашигтай нөхцөл буй, ямар сөрөг хүчин зүйлстэй тулгарч байгаа, хэрхэн зохистой шийдвэрлэж Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах зэрэг нь энэ өгүүлэлд дэвшүүлэн хэлэлцүүлж буй гол агуулга болно.
 
 
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахын ашигтай нөхцөл
 
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах нь гурван орны хөгжлийн стратегид ихээхэн тохирох үр дүн бөгөөд гурван орны эрх ашигт нийцсэн, Хятад, Монгол, Орос гурван орны харилцан ашигтай хамтын ялалт юм. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахад маш олон ашигтай нөхцөл бий ч эдгээр ашигтай нөхцөлийг сайтар ашиглаж чадваас эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт болон хэрэгжилтийг ахиулж чадах ба ингэснээр тус бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг бодит болгож чадах юм.
 
Нэг. “Торгоны замын үзэл санаа” Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад үзэл санааны хөдөлгөгч хүч, үзэл санааны түшиг тулгуур болох нь
 
Торгоны замын эдийн засгийн бүс нь түүний хилийн дагуух улсуудын анхаарлыг ихээхэн татаж байгаагийн гол шалтгаан нь тухайн бүс нутгийн эртний торгоны замын тухай бүх нийтийн,гайхалтай сайхан түүхэн дурсамжийг сэргээн, “эвлэлдэн нэгдэж харилцан итгэх, эрх тэгш харилцан ашигтай, хүлээцтэй хандаж харилцан суралцах, хамтран ажиллаж хамтаар ялах” гэсэн агуулга бүхий “Торгоны замын үзэл санаа”-г хүлээн зөвшөөрсөн ирээдүйн хөгжлийн хүсэл эрмэлзэл юм.
 
Судлаачид өнөөдөр Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг торгоны замын эдийн засгийн салбар хэмээн үзэж байна. Түүхэнд торгоны зам нь олон салаатай байсан ч голчлон элсний торгоны зам, тал нутгийн торгоны зам, далайн торгоны зам болон баруун өмнөдийн торгоны зам зэрэг байжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын оршиж буй газар нутаг нь торгоны замын зайлшгүй дайран өнгөрөх газар бөгөөд энэ нь элсний торгоны замыг зааж байна. 
 
Тал нутгийн торгоны зам нь зүүнээс Их Хянганы нуруу, баруун тийш Хар тэнгис хүртэл, өмнөд Сибирь болон Шинжааны хойд хэсгийн замаар баруун Ази, Дундад Ази болон Зүүн Хойд Азийг холбодог байв. Эрт цагийн тал нутгийн торгоны зам нь Ази Европын соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн соёлын харилцааны зам байжээ. Чинь Хань улсын үеэс хойш тал нутгийн торгоны зам аажим аажмаар бүдгэрсээр элсний торгоны замын туслах зам буюу салбар болсон байна. Хятад, Монгол, Оросыг холбосон эртний худалдааны зам нь 17 дугаар зууны дунд үеэс сэргэсэн “Цайны зам” юм.
 
300 жилийн тэртээ Жинь улсын худалдаачид өмнө газраас цайны навч худалдан авч Хөх хот болон Жанчхүүд төвлөрүүлээд, тэндээсээ тэмээн жингээр одоогийн Эрээн хот, Хүрээ (одоогийн Улаанбаатар), Хиагт, тэндээс хойд зүгт Улаан-Үд, Эрхүү, Тобольск зэрэг газарт, хамгийн сүүлд шууд Москва болон Санкт-Петербургт хүргэдэг байжээ. 
 
Гурван зууны тэртээгээс энэхүү Европ Азийг хөндлөн гулд хэрж, хэдэн түмэн бээр үргэлжилсэн эртний худалдааны замын Хятад, Монгол, Оросын худалдаачдын байгуулсан “нэгэн сэтгэлээр эвлэлдэн нэгдэж, үхэж сэхсэн ч биесээ түшиж, алив мууг ялан дийлж, эрэлхэг зоригтойгоор урагшлан явах” гэсэн цайны замын үзэл санаа нь түмэн газрын цайны замын үлдээсэн манай гурван орны ард түмний үнэт баялаг мөн билээ. Цайны замын үзэл санаа нь Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор байгуулахад үзэл санааны маш хүчтэй хөдөлгөгч хүч, түшиг тулгуур болж өгдөг. 
 
Тус бүс нутгийг хамтдаа хөгжүүлэн цэцэглүүлэх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гол зорилтын нэг юм. БНХАУ-ын удирдагч Си Зиньпин хэлэхдээ: “Дэлхийн эдийн засгийн явц тодорхойгүйгээр нэмэгдэж, холбогдох улсуудын худалдаагаа хамгаалах үзэл сэргэсэн нөхцөлд тус нийгэмлэг харилцан ашигтай хамтын ялалтад суурилан, бүс нутгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог илрүүлэн, хамтран ажиллах боломжийг хамтран бүтээж, гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн дотоод хөдөлгөгч хүч болон эрсдэлээс хамгаалах чадварыг нэмэгдүүлэх юм.
 
Бид бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, анхаарал тавьснаар худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өргөжүүлэн, илүү өндөр түвшинд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан нэн таатай нөхцөлийг бүрдүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн явцыг урагшлуулан, тус бүс нутагт эдийн засаг, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн орон зайг нэгэн адил байгуулах хэрэгтэй юм. Талуудын гарын үсэг зурсан олон улсын зам тээврийг хөнгөвчлөх гэрээг ашиглан цаг тухайд нь холбогдох замыг нээж байх баталгаа өгөх хэрэгтэй бөгөөд улс орон бүр транзит тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлж, хил залгаа улс орныхоо хөгжлийг хамтад нь урагшлуулах ёстой” гэсэн билээ.
 
Дээр дурдсан үзэл санаанд үндэслэсэн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах санаачилга нь шинэчилсэн хамтран ажиллах арга хэлбэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын дотор хамгийн хүчирхэг, нөлөөлөх чадвар хамгийн сайтай хоёр гишүүн орон болон дундын бүсэд байгаа Монгол улстай холбоолон шинэ, улам илүү хөгжлийг хэрэгжүүлэх гэсэн эрмэлзэл бөгөөд энэ нь Хятад, Монгол, Орос гурван орны ард түмэнд ашиг тустай төдийгүй энэхүү коридорын дагуух эдийн засгийн бүсийн хөгжлийг ч хөдөлгөж чадах бөгөөд Оросын Алс Дорнодын болон Байгал нуурын бүс нутгийг цэцэглүүлэн хөгжүүлж, бүсчилсэн хамтын ажиллагааны бүтэц загварыг бий болгох юм.
 
2002 оны долдугаар сард Монгол улсын засгийн газар “Монгол улс чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хууль” баталснаар Алтанбулаг чөлөөт худалдааны бүс, Замын-Үүд чөлөөт эдийн засгийн бүс, Сайншанд аж үйлдвэрийн парк болон Цагаан нуур чөлөөт худалдааны бүс гэсэн дөрвөн эдийн засгийн онцгой бүсийг байгуулахаар төлөвлөсөн билээ.
 
Гэвч санхүүгийн хүрэлцээ болон зам харилцаа муу зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эдийн засгийн бүс байгуулах ажил удаашралтай байгаа аж. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах ажлыг эхлүүлснээр Монголын эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтын хөгжлийн явцыг ч түргэтгэж чадах ба БНХАУ-ын Эрээн хотын гол нээлттэй хөгжлийн туршилтын бүс, Бохай эдийн засгийн тойрог болон Хөх хот-Бугат-Инь Чуань-Юй Линий эдийн засгийн бүсийг холбосноор, хойд зүгт ОХУ-ын Алс Дорнод болон Байгал нуурын бүс нутгийн нээлттэй бүстэй холбож, тус чиглэлийн дагуух төвлөрсөн хотуудыг түшиглэн, эрчим хүчний нөөцийн бүс, эдийн засаг худалдааны гол чухал тойргийг хамтатгасан нэгэн тавцан болгож, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулан, Торгоны замын ерөнхий төлөвийг гаргаж, бүс нутгийн интеграцийн үйл явцыг урагшлуулах юм.
 
 
 
Хоёр. Уламжлалт найрсаг харилцаагаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах хамтын ажиллагааны шавыг тавих нь
 
Хөгжлийн стратегийн нийтлэг шинж нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахад хүчтэй хөдөлгөгч хүч болох нь
 
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад дурдсанаар, тус улс Европ-Азийн олон улсын тээврийн томоохон зам байгуулах зорилго нь Монголын сонирхолтой нийцэж байгаа бөгөөд, мөн Оросын Алс Дорнодын нутгийг нээн хөгжүүлэх стратегийн зорилттой ч нийцэж байгаа тул Монгол, Оросын дээд шатны удирдлагуудаас “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах”-ыг ихээхэн сонирхож байгаа талаар эерэг хариу авсан нь энэхүү ажлаар дамжуулан гадаад хөрөнгө оруулалтыг татаж, тус улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хурдасгах түүхэн боломж хэмээн үзэж байгаагийн илрэл юм. 
 
Монгол улс бол транзит боломж асар ихтэй улс бөгөөд Ази-Европыг холбосон гүүр болох хамгийн таатай зам юм. Өөрийн улсын Европ-Азийн эдийн засгийн тойргийг холбох газар зүйн таатай байршлаа ашиглан транзит тээврийг хөгжүүлж, олон улсын транзит тээврийн таатай боломжийг бүрдүүлснээр өөрөө ч Европ-Азийн эх газрын чухал нэгэн тээврийн замыг бий болгох, Монгол улсын эдийн засгийн хөгжилд ч чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ юм.
 
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг дурдсаны дараа Монгол улс “Тал нутгийн зам” төслийг эрлүүлэхээр төлөвлөсөн байна. “Тал нутгийн зам” төсөл нь нийт 5 төслөөс бүрдэх ба нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 тэрбум орчим ам.доллар юм. Үүнд, Хятад Оросыг холбох 997 км хурдны автозам, 1100 км цахилгаан шугам сүлжээ, Монголын хилийг дамнасан төмөр замыг өргөтгөн, байгалийн хий болон нефтийн хоолой зэрэг багтана.
 
Монгол улсын засгийн газар энэхүү төслийн хэрэгжилт нь Монгол улсад транзит боломжийг олгож, тус улсад улам илүү хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монгол улсын эрчим хүч болон уул уурхайн салбарыг ч шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байгаа билээ.
 
Хятад, Монгол, Орос хоорондын тээвэр, худалдаа нь Монгол улсын эдийн засгийг дэмжих бөгөөд одоогийн тооцоолж байгаагаар Хятад, Оросын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байна.
 
2007 оноос Оросын засгийн газар бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг бодолцож үзсэнээр нэлээд олон стратеги төлөвлөгөөг гаргаж, баталсан ба Алс Дорнодын бүс нутгийн хөгжлийн давлагааг дахин сэргээхийг оролдож байна.
 
2007 оны 11 сард ОХУ-ын засгийн газар “ОХУ-ын алс дорнод болон Байгаль нуурын бүс нутагт 2013 оноос өмнө эдийн засаг нийгмийн хөгжлийн холбооны тусгай хөтөлбөр”-ийг баталсан ба ОХУ-ын геостратегийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах байр сууринаас Алс Дорнод болон Байгал нуурын бүс нутгийн гол салбарыг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах, хөрөнгө оруулалтын таатай орчны бүрдүүлэхэд түүний гол зорилго оршиж байна.   
 
2009 оны сүүлээр ОХУ “2025 оноос өмнө Алс Дорнод болон Байгал нуурын бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх стратеги”-ийг баталсан бөгөөд түүнийг глобалчлалын өнцгөөс харж, Алс Дорнод болон Байгал нуурын бүс нутгийн баялаг, газар зүйн давуу тал дээрээ үндэслэн Ази номхон далайн бүс нутгийг онилж, Орос руу орж буй Ази, Номхон далайн эдийн засгийн орон зайн хурдцыг нэмэгдүүлэн, Оросын экспортын зах зээлийн олон төрөлт шинжийг баталгаажуулж, улс орны алс дорнод болон Байгаль нуурын бүс нутагт үзүүлэх эдийн засаг, улс төрийн нөлөөлөх хүч саарахаас сэргийлж байгаа юм.
 
Зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд ОХУ нь Сибирийн төмөр зам болон Байгал-Амарын төмөр замыг шинэчлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр тухайн нутгийн аж үйлдвэрийн суурийг бэхжүүлэх, уул уурхайн салбарын хөгжлийг ахиулах, Оросын Ази-Европын нутгийг дамнасан транзит тээврийн системийн чухал байршлыг тогтоож, Оросын Сибирь болон алс Дорнодын бүс нутгийн төмөр замын тээвэрлэх чадварын дутагдалтай нөхцөлийг засаж сайжруулах юм.
 
2013 оны долдугаар сард В.Путин Засгийн газраас боловсруулсан Сибирийн төмөр зам болон Байгал-Амарын төмөр замыг шинэчлэн засах төслийн ажлын хуваарийг хариуцан гүйцэтгэсэн юм. Сибирийн төмөр замыг өөрчлөн барих ажил нь ОХУ-ын хувьд өнөөдрийн байдлаар барилгын ажлыг нь эхлүүлээд байгаа улсын хэмжээний гурван том дэд бүтцийн барилгын ажлын нэг болно. 
 
Си Зиньпин удирдагч “Нэг зам нэг бүс”-ийн гол цөм нь өөр хоорондоо харилцан холбогдсон бүтээн байгуулалт бөгөөд өөр хоорондоо харилцан холбогдоно гэдэг нь авто зам, төмөр зам, онгоцны буудал, боомт, цахилгаан сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэлж байгааг онцолсон билээ. Дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Хятадын “Нэг зам нэг бүс” стратегийн гол цөм болохоос гадна Монгол улсын хөгжлийн стратегийн топ асуудал, мөн ОХУ-ын Алс Дорнодын нээлттэй хөгжлийн чухал сэдэв тул Хятад, Монгол, Орос гурван орны ирээдүйн хамтын ажиллагаанд харилцан бие биеэ нөхөх шинж чанартай, нэгэн томоохон орон зай болно. 
 
 
 
Гурав. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахад тулгарч буй сөрөг хүчин зүйл
 
 1. Ард иргэдийн ойлголт хангалтгүй байна
 
Өнөөдөр Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудал гурван талын дээд түвшний удирдлагуудын өндөр үнэлэлтийг авч, хүлээн зөвшөөрөгдөөд байгаа боловч ард иргэдийн дунд эдийн засгийн коридор байгуулах ажлын талаарх мэдлэг тун бага байгаа нь энэхүү стратегийн арга хэмжээний зорилго, агуулгын талаар ойлголт мөхөс, эргэлзсээр байгаа учир цаашид хятадын нөлөөнд орж, тус улсын эрх ашиг, бүрэн эрхт байдал эвдэгдэхвий хэмээн санаа зовсоор байна.
 
Хятад, Орос, Монгол гурван улсын хэвлэл мэдээллийн байгууллага болон шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, иргэдэд тус гурван улсын  эдийн засгийн коридор байгуулах нь эдгээр улсын эдийн засгийн хамтын ажиллагаандаа гол болгож буй хамтын хөгжлийн төлөвлөгөө гэдгийг ойлгуулж, тус бүс нутгийг өөр хооронд нь харилцан холбож хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож, зам харилцаа, үүнд, авто зам, төмөр зам, агаарын тээвэр, сүлжээ болон харилцаа холбоо зэрэг салбарт тус бүс нутгийг интеграцчилан, тус бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийн зорилгыг түргэтгэх шаардлагатай байна.
 
 2. Хэлэлцэн тохиролцоход хүндрэл ихтэй
 
Хэдийгээр Хятад, Монгол, Орос гурван тал ихэд сайшаан зөвшөөрсөн ч эдгээр улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ үзэл санаагаар хангаж, гурван талын харилцааны ирээдүйн хөгжилд зааварчилгаа өгөх боловч гурван улсын эдийн засгийн коридорыг хэрхэн байгуулахтай холбогдсон маш олон асуудал хэлэлцэж, судлагдахаар хүлээгдэж байна.
 
Манай гурван орны түүх, соёл, нийгмийн байгуулал, эдийн засгийн хөгжлийн нөхцөл харилцан адилгүй, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ ч өөр өөр тул гурван талын эрх ашгийн харилцааг хэрхэн шийдвэрлэх асуудал болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хэрэгжилт нь нэлээдгүй хүндрэлтэй тулгарч байгаа юм.
 
Гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг үргэлжлүүлэн, түүнийг тогтмолжуулах, түүгээр стратегийн тэргүүлэх болон дээд шатны төлөвлөлтөд нөлөөлөх, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг чиглүүлэн урагшлуулах, тус бүс нутгийн бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг ч урагшлуулах шаардлагатай байна. 
 
Дөрөв. Төгсгөлийн үг
 
Хятад, Орос, Монгол гурван улс нэгдэн зөвшилцөж, харилцан итгэж, цайны замын үзэл санааг баримтлан, одоогийн байгуулсан зүйлс дээрээ тулгуурлан, алсыг харж, хялбараас хүнд хүртэл, шат дараатай ахих зарчимд үндэслэн, гурван улсын эдийн засгийн коридорыг гол шугамаа болгон, Торгоны зам, Тал нутгийн зам, Европ-Азийн их төмөр замыг хооронд нь холбохын тулд хамтын ажиллагааны шатан дахь харилцаа холбоогоо сайжруулж, тус бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлэн, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжиж, тус бүс нутгийн аюулгүй, тайван байдлыг бэхжүүлж, бүс нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг хамтад нь дээшлүүлж, ард иргэдээ бүх нийтээр нь баялагжуулах зорилт тавьж байна гэж Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төвийн профессор Ван Хао МУИС-ийн Ази судлалын олон улсын хурал дээр хэлжээ. /2014.04.11/
 
Б.Баяртуяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг