sonin.mn
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгиййн ахлагч Н.Батбаяр гишүүн бараа сураггүй болоод удаж байна. 
УИХ-д суудалгүй Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон “Эрс шинэчлэл” хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтэйгээр “Энэ УИХ Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны эрхгүй” гэдэг үгийг сүүлийн үед тун хүчтэй дуугарч эхлээд байгаа. 
 
 
Мөн “Ард түмнээ хайрлая” нам байгуулахаар бужигнуулж яваа Л.Гүндалай ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн. УИХ Тавантолгойн асуудлаар нийгэмд хүлээлт үүсгэчихээд байгаа энэ өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг ажиллахгүй байна.
 
Дарга нь Монголд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Оюун нар ч энэ том ажилд ханцуй шамлан орох байтугай өдөр тутмынхаа ажлаас илүү гарч амжихгүй шахуу яваа. Товчхондоо 2016 оны сонгуулиас зургаан сарын өмнө УИХ-аар хэлэлцэн батлуулсан байх учиртай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар энэ удаагийн УИХ хэлэлцэж амжихгүй нь бололтой. 
 
Хамгийн сүүлд Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Улсын Их Хуралд суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогддогийг болиулах, Улсын Их Хурал хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналтай байгаагаа дуулгаж байсан. Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх, Улсын Их Хуралд суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд тусгуулах саналтай байгаа гэдгээ ч мэдэгдэж байсан. Энд сануулахад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ. 
 
Хэдийгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг сар болоод л хуралдаж, энэ ажил ямар нэгэн байдлаар урагшилж байгаа мэт харагдавч УИХ-д суудалгүй улстөрийн намуудаас гадна иргэний хөдөлгөөнүүд одоогийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрхзүйн чадамжгүй, ард түмний олонхийн саналыг авалгүйгээр эцэг хуульд гар хүрэхийг зөвшөөрөхгүй гэдгээ янз бүрийн байдлаар илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгүй” гэсэн байр суурьтай байгаа бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард түмний илэрхийлэл болж чадахгүй байгаа тул огцрох ёстой” гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай” гэдгийг сүүлийн өдрүүдэд байнга илэрхийлсээр байгаа. 
 
Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн Р.Гончигдорж болон С.Оюун нарын мэдэгдэж байгаагаар тэд энэ хаврын чуулганаар амжиж Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх зорилготой байгаа юм гэсэн. Ер нь хуулиараа аль нэг намын эрх ашгийг Монголын төрөөс дээгүүр тавьж, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх үүднээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө батласан байх учиртай нь үнэн. Гэтэл УИХ-ын намрын чуулган, залгуулаад хаврын чуулган эхлээд сар хагас болж байхад ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуралдах нь байтугай ажлын хэсгийн ахлагч нь ор сураггүй алга болсон нь тэртэй тэргүй ажлаа ёс төдийгөөр гүйцэлдүүлдэг Монголын улстөрчдийн тухайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах амаргүй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нөхцөл үүсчихээд байгаагаар тайлбарлавал үнэнд илүү ойртоно. Хэдийгээр энэ ажлын хэсэгт 1992 онд Үндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лүндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг зэрэг УИХ-ын гишүүд болон цөөнх хоёр намын төлөөлөл багтаж байгаа ч тэдний хувьд Тавантолгой, Оюутолгойн сүрд дарагдаад юу яасан Үндсэн хуультай манатай яваа нь үнэн юм. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү гэдгийг судалж үзээд ийнхүү эцэг хуульдаа гар хүрэхээр зориглоод байгаа ч энэ ажил өнөөдрийн хувьд таг зогсчээ. Хамгийн сүүлд Л.Цог даргын үгнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн давын өмнө 1999-2000 он дамнуулан хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засч сайжруулах ажлаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлэх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн тухай дуулсан. 
 
Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илүү үр ашигтай, хүчтэй болгох чиглэлийн өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бүлгийн гишүүд төдийлөн санал нэгдэхгүй байгаа юм билээ. Хамгийн гол нь энэ удаа Үндсэн хуульд гар хүрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгүйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан өөрчлөлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад төрүүлээд байгаа нь нууц биш. Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дөрөвдүгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн байх учиртай ч амжаагүй. Ялангуяа энэ чухал ажил цаг нь тулчихаад байхад ажлын хэсгийн ахлагч нь ор сураггүй болж, гишүүд нь ойр ойрхон хилийн дээс алхан чухам ямар ажил амжуулж яваа нь мэдэгдэхгүй зугаалсаар байснаа гэнэтхэн ухаан орсон юм шиг нэг амьсгаагаар амжуулахаар муйхарлан дайрах нөхцөл бүрдчихлээ. Олон нийтийн зүгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгүүт УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон, нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, элдэв баяр ёслол, наадамтай давхцахаар байгаа нь эргээд Монголын улстөрчид сурсан зангаараа зун болж хүмүүсийн анхаарал сарнисан үед буюу баяр наадмаар “болохгүй” зүйлээ хийх нь үү гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой. 
 
Одоогийн эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хүрэх хууль эрх зүйн баталгаа гэлцээд байгаа. Гэхдээ өнөөдөр Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд зоригтой өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишүүдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хүрэх хууль эрх зүйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Эцэг хуульд гар хүрэх хэрэгтэй хэрэггүйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхүү энэ парламент өөрчлөлт оруулахаар болсон ч өнөөдрийг хүртэл энэ ажил таг чимээгүй байгаа. Нөгөөтэйгүүр хаврын чуулганаар амжиж төслийг оруулж ирэхээр яригдаж эхлээд байгаа нь цаанаа олон учир шалтгаантай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишүүн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын болчимгүй гажуудлуудаас эхлэх ёстой ч энэ талаар төдийлөн ярихгүй байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, өнөөдөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн 68 хувийн татварыг хэрхэн батласан шиг УИХ хэдхэн популистын нөлөөнд автах боломжуудыг давын өмнө хаах учиртай ч Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ тухайд ам нээхгүй л байна. 
 
Олон нийтийн зүгээс хамгийн их яригдаж байгаа өөрчлөлтүүдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Үндсэн хуулийн заалтуудыг давын өмнө өөрчлөн сайжруулах асуудал орж байгаа. Мөн бүх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг өөрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгүй. Өнөөдөр баруун Европын ихэнх хөгжилтэй орнууд хотын дарга болон бусад томоохон албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чөлөөт сонгуулийн бодит жишээ юм. Гэтэл энэ талаар эрхэм улстөрчид таг дуугүй л яваад байна. Ер нь Н.Батбаяр дарга нь сураггүй болчихсон хойгуур Р.Гончигдорж, Н.Батцэрэг, С.Оюун, Л.Болд, С.Баярцогт, Л.Цог нар юу л хийгээд явна даа.
 
Д.Энхтүвшин 
 
 
Эх сурвалж: