sonin.mn
УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос  Хууль зүйн болон Сангийн сайдад асуулга тавьжээ.
 
Энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар сонслоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг асуулгадаа, “Сүүлийн 2 жилийн дотор 24260 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоож, гадаад худалдааны эргэлт 112 сая ам.доллараар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 5,6 дахин буурч, төсвийн орлого 7,3 дахин, төсвийн орлого жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасалдаж байгаа үзүүлэлт нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хэрхэн доголдож байгааг харуулж байна. Улмаар төсвийн орлого бүрдэхгүйд хүрч, татварын албад орлого бүрдүүлэх зорилгоор бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийг хяналт шалгалтаар дарамтлан хүндрэл үүсгэх, үүнээс үүдэн олон байгууллага, бизнес эрхлэгчид хуулийн байгууллагад шалгагдаж байна. Иймд татвар тайлангийн акт тавьсан болон хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг эдийн засгийн өршөөлд юуны урьд хамруулах нь зүйтэй гэсэн зарчмыг барьж байна” гээд ямар хэмжээний хүү алданги, торгууль өршөөлд хамрагдахгүй байх, 2012-2014 онд татварын албанд шалгагдсан аж ахуй нэгжийн тооцоо судалгаа зэрэг асуудлыг  тодруулсан юм.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж , “Төрийн нэг чухал чанар бол буруутай этгээдэд ял оноож чаддаг, бас өршөөж чаддаг байх ёстой. Татварын харилцаан дээр төр өөрөө буруутай бодлого барьж, иргэд, аж ахуй нэгжүүдийг алдаа гаргах нөхцлийг бүрдүүлсэн байх талтай.  Тиймээс эдгээр нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эдийн засгийн хүндрэлийн үед аж ахуй нэгжүүдийн үүрч байгаа ачааг хөнгөвчлөх хэрэгтэй” гэлээ. Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Зөвхөн татварын байгууллага өнгөрсөн онд 10 мянган аж ахуй нэгжийг шалгасан. Бид татварын хяналт тавьдаг байцаагчдын тоог болон шалгуулдаг аж ахуй нэгжийн тоог цөөлөх чиглэл барьж байна. Одоо бол татварын байгууллага шалгаагүй байхад цагдаа орж шалгадаг тогтолцоо үйлчилж байгаа. Энэ асуудал дээр иж бүрэн шинэчлэлт хийнэ” гэсэн бол ТЕГ-ын дарга Б.Ариунсан, “Татварын хуулинд жилд нийт аж ахуй нэгжийн 20 гаруй хувийг шалгалтад хамруулна гэж заасан. Цөөн аж ахуй нэгжтэй байхад энэ тоо таардаг байсан. Одоо аж ахуй нэгжийн тоо ихэссэн үед жилд 10 гаруй мянган аж ахуй нэгжийг шалгах болчихоод байгаа учраас хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна” гэсэн тайлбарыг хийлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Хэдэн төгрөгийг хамгийн дээд талд нь чөлөөлөх вэ” гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Ж.Эрдэнэбат, “Мөнгөний тоо хэлж мэдэхгүй. Хэн хаана хэдийг нуусныг мэдэхгүй” гэлээ. Асуулгын үеэр гишүүд энэ хуулийг хэлэлцэхгүй байгаагаас татвар төлөх сонирхол буурч, төсвийн орлогод нөлөөлж байгаа, иймд хуулийн төслүүдийг батлах эсвэл батлахгүй байх тал дээр нийгэмд хариу өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Түүнчлэн зарим нь бага сага алдаа гаргасан, эдийн засгийн хувьд хохиролгүй шахам хэргийн улмаас шоронд орсон нэгнийгээ өршөөх гэхээр хуулиа хэлэлцдэггүй байж, улс орны санхүүд хохирол үзүүлсэн нэгнийг өршөөх чөлөөлөх асуудлыг хөндөж байгаа нь шударга бус байна гэх ч гишүүн гарсан юм. Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт өршөөл үзүүлэх нь зүйтэй ч хуулиа сахиж татвараа цаг хугацаанд төлж байсан иргэдээ төр урамшуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ"
 
Б.Туул