sonin.mn
МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд хяналтын хуудас сурталчлах үзүүлэх сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Саруул” худалдааны төвд МХЕГ, СБД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран зохион байгууллаа.  
 
Үзүүлэх сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагуудын удирдлага, менежер, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч, худалдагч нарын төлөөлөл болох 80 гаруй хүн оролцлоо.  
 
Сургалтаар худалдааны газруудад хийсэн 2011-2014 оны эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сангийн мэдээлэл, түүнд дүн шинжилгээ хийсэн тухай танилцуулсан байна. Үзүүлэх сургалтанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг найман хэсэг болгож өөрсдөөр нь хяналтын хуудсаар “Саруул” худалдааны төвд эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, илэрсэн зөрчил, түүнээс үүсч болзошгүй эрсдэл, урьдчилан сэргийлэх арга зам,  эрсдэлийн үнэлгээ хийсний үр дүнг ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгүүлэв.  
 
Үзүүлэх сургалт нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг зөвлөн тусалсан ач холбогдолтой юм.
 
Хяналтын хуудас нэвтэрснээр бизнесийн байгууллагууд өөрийгөө хянах хяналтын тогтолцоотой болсноос гадна хяналт шалгалтыг нээлттэй байлгах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл хяналт шалгалт нэрийн дор улсын байцаагч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, бизнест эрхлэгчдэд дарамт шахалт үзүүлдэг гэсэн ойлголт бүрэн арилж байна. Мөн улсын байцаагч юуг шалгах нь шалгуулагч талд ойлгомжтой, ил тод боллоо.