sonin.mn
ТОКИО. /ITAR-TASS/. Хоёр орны харилцааг сайжруулж, шинэ түвшинд гаргахад бэлэн байгаагаа Шинзо Абэ өнөөдөр Токио хотод нээлтээ хийсэн ОХУ-Японы гурав дахь удаагийн форумд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ дурджээ.
 
"Стратегийн болон урт хугацааны өнцгөөс авч үзвэл хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байна. Яриа хэлцээгээр дамжуулан асуудлуудыг зохицуулах хүчин чармайлтаа тууштай үргэлжлүүлж, хоёр орны харилцааг бүх салбарт сайжруулах санал дэвшүүлж байна” гэж тэрбээр илгээлтдээ дурджээ.
 
ОХУ нь 21 дүгээр зуунд Зүүн Азийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын баталгаа бөгөөд Японы найрсаг харилцааг хөгжүүлэх томоохон хөрш юм гэдгийг Абэ онцолсон байна. Мөн тэрбээр, Москвад хийсэн албан ёсны айлчлалын дараа тус улсын Ерөнхийлөгчтэй хоёр орны харилцааг бэхжүүлэх хэлэлцээ хийх боломжтой болсон гэж мэдэгджээ.
 
“ОХУ-Япон: Харилцааны утга учир” анхны форум 2013 оны хоёрдугаар сард Токиод болсонд бизнес, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 600 төлөөлөгч оролцож байжээ. Хоёрдугаар форум 2014 оны есдүгээр сард Москва хотод болсон байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"