sonin.mn
Гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 71 хувь нь анх удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол 43 эмэгтэй нь хоёр удаа, 24 эмэгтэй гурван удаа, 21 эмэгтэй нь дөрвөн удаа ял шийтгэгдсэн байна.
 
ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид 331 эмэгтэй ял эдэлж байгаагаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Тэдний 30 хувь буюу 97 эмэгтэй Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан /Хүнийг санаатай алах/ гэмт хэрэгт ял шийтгэгдсэн бол тухайн эмэгтэйчүүдийн 20 хувь гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэдэг судалгааг гаргажээ.
 
Нийт хоригдогчдын 26  хувь нь буюу 82 эмэгтэй эрүүгийн 148 дүгээр зүйлд /бусдын эд хөрөнгийг залилан, мэхлэх/ заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байна. Харин сүүлийн үед эмэгтэйчүүд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэх байдал ихэсчээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр 12 эмэгтэй ял эдэлж байна. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо өсөн нэмэгдсэн төдийгүй гадаад улсын иргэд ч холбогдох болжээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ"