sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Орос, Монголын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахад бэлтгэх асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах баяр ёслолын арга хэмжээнд оролцохоор тус улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой пүрэв гарагт хийх хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болно.
“Хоёр орны удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны гол асуудлаар санал бодлоо солилцох төлөвтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ. “Тухайлбал, ОХУ болон Монгол Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын явцын талаар хэлэлцэх төлөвтэй байна” гэж тэрбээр онцлон дурдсан байна.
 
Ушаковын хэлснээр, “эдийн засагт хоршин ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулна”. Монгол Улсын гадаад худалдаанд Хятадын дараа хоёрдугаарт ОХУ ордог боловч дэлхийн зэх зээлд Монгол дахь Оросын экспортын 70 гаруй хувийг бүрдүүлдэг эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ унасантай холбоотойгоор сүүлийн үед хоёр орны бараа эргэлтийн хэмжээ буурчээ. 2014 онд хоёр орны бараа эргэлтийн хэмжээ 7 хувиар буурч, 1.5 тэрбум доллар болсон байна.
 
Талууд мөн томоохон хамтарсан үйлдвэрүүд болох “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэт” болон "Монголросцветмет” үйлдвэрийг цаашид хөгжүүлэх арга хэмжээг хэлэлцэнэ.
 
Кремлийн эрх баригчид мөн тэргүүлэх чиглэлүүдийн тоонд тээврийг оруулж байна. Тухайлбал, Монголын дэд бүтцийг шинэчлэхэд "Оросын төмөр замууд" компанийг оролцуулах,  "ГАЗ", "УРАЛ", "ПАЗ"-ын бүтээгдэхүүнийг нийлүүлснээр Монголын автопаркийг шинэчлэхэд оролцох, тэрчлэн эрчим хүчний салбарт тухайлбал нефтийн бүтээгдэхүүн, нисэх онгоцны түлш, эрчим хүч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, Монголын нутагт Дулааны цахилгаан станцууд барих, тэдгээрийг шинэчлэхэд Оросын компаниудыг оролцуулах, уул уурхайн төсөл хэрэгжүүлэх явдал гэж үзэж байна.
 
"Бүс нутаг хоорондын болон хил орчмын нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь цаг үеийн чухал асуудал юм" гэж Ушаков онцлон тэмдэглэв.  Нэг улсын иргэн нөгөө улсынхаа нутагт дэвсгэрт түр хөдөлмөр эрхлэх, харилцан зорчих визийн дэглэмийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр 2014 онд хүчин төгөлдөр болсон билээ.
 
“Монгол Улс ажиглагчийн статустай Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын хүрээнд Орос, Монгол хамтран ажиллах асуудлыг хөндөх төлөвтэй байна” гэж Оросын төрийн тэргүүний туслах мэдээллээ.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг