sonin.mn
2015 оны 4 сарын 21-нд болсон Хойд Америк – Монголын бизнесийн зөвлөлийн /ХАМБЗ/ бага хурлаар АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэмбэллийн хэлсэн үгийг хүргэж байна. 
 
 
 
 
Би Монгол Улсад гурав дахь жилдээ ажиллаж байгаа учраас ХАМБЗ-ийн  бага хурал   дээр үг хэлэх миний хамгийн сүүлчийн боломж энэ байх юм. Өнгөрсөн жил би хэлсэн үгэндээ Монголын улс төрийн чиг хандлагын талаар ихэвчлэн онцолж ярьсан билээ. Энэ удаад би арай өөр байдлаар, тухайлбал,  АНУ-ын Засгийн газраас боловсруулан гаргасан хоёр баримт бичгийн талаар хөндөж ярих гэсэн юм.
 
Эдгээр баримт бичгүүд нь хамтдаа Монгол Улсын тухай макро, микро төвшний дүр зургийг харуулдаг бөгөөд ялангуяа энэ цаг үед Монгол улсыг ажиглаж буй ажиглагчдад туйлын эрэлт хэрэгцээтэй баримт бичгүүд гэж би бодож байна. Эдгээр баримт бичгүүдэд АНУ-ын ЭСЯ-ны боловсруулсан хөрөнгө оруулалтын орчны судалгаа болон Монгол Улсад зориулсан Мянганы Сорилтын Корпорацын ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХУУДАС зэрэг орж байна.
 
Хөрөнгө оруулалтын орчны тухай судалгааны 2015 оны тайлан ойрын өдрүүдэд нийтлэгдэн гарах гэж байна, мөн Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн хуудас нь хоёр дахь Компакт гэрээний асуудлаар Монгол улстай хэлэлцээрт орох МСК-ийн Зөвлөлийн 2014 оны арван хоёрдугаар сарын шийдвэртэй хамт Монгол улсын хувьд чухал ач холбогдолтой болсон юм. Дараагийн долоо хоногт Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын ажлын хэсгийн одоо хийж буй хүндрэл бэрхшээлийн дүн шинжилгээний ажлын явцтай танилцахаар МСК-ийн гүйцэтгэх захирал Монгол улсад ирэх гэж байна.
 
Энэхүү дүн шинжилгээ нь зорилтот хөрөнгө оруулалтын үр шимээр Монгол улсын эдийн засгийн өсөлтийг тэтгэх салбаруудыг тодорхойлохын зэрэгцээ хамгийн чухал нь төр -хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоход туслах болно. Магадгүй энд байгаа зарим хүмүүст ийм боломж нээгдэж болох тул би МСК-ийн арга ажиллагааны талаар ерөнхий ойлголтыг өгөхийг хүсэж байна.
 
Эхлээд Ай Си Эс буюу Хөрөнгө оруулалтын орчны судалгаанд /ХООС/ анхаарлаа хандуулъя, та бүхэн ерөнхийдөө эдгээр чухал тоо баримтуудыг мэдэж байгаа. Монгол улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оны оргил үе болох $ 4.7 тэрбумаас буурах хандлагатай болсон. Ерөнхийдөө, Монгол улс руу гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны эхний улиралд 2011 оныхоос даруй 85 хувиар буурсан байна.
 
Саяхны ОУВС-аас гаргасан үнэлгээнээс харахад Монгол улс ойрын хугацаанд ихээхэн хэмжээний макро эдийн засгийн төвшний хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарахаар байна. ГШХО буурснаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамт нь сул дорой түүхий эд баялгийн үнэ болон өнөөдрийг хүртэл авсан макро эдийн засгийн тэлэх бодлого зэрэгтэй хоршиж байгаа нь туйлын хүнд юм. Ийм нөхцөл байдалд бизнесүүдийн хувьд үйл ажиллагаа явуулж буй орчныхоо талаар нарийн дүн шинжилгээтэй байх нь чухал болж байна.
 
Бидний бэлтгэсэн Ай Си Эс буюу хөрөнгө оруулалтын орчны судалгаа нь ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтад Засгийн газрын ил тод, нээлттэй байдал болон гадаадын хөрөнгө оруулалтад тавигдаж буй хориг хязгаарлалтууд; маргаан шийдвэрлэхэд Монгол Улсын шүүхийн тогтолцоонд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд; болон зохицуулах тогтолцооны ил тод байдал зэрэг асуудлуудыг бүрэн хамарч чаддаг гэдэгт би итгэлтэй байна.
 
ХООС нь микро төвшний дүр зургийг илтгэн харуулдаг. Үүнд орсон нарийн дэлгэрэнгүй мэдээлэл нь Монгол улсад аль хэдийн орж ирсэн байгаа та бүхний хувьд ч тэр, шинэ хөрөнгө оруулагчдын хувьд ч ялгаагүй нэн чухал байх болно. Цэргийн хэллэгээр би арын фронтын шугамыг урд талын фронтын шугамд тавиад үзье. 2014 онд, Монгол улсын уул уурхайн түүхий эд баялагт тулгуурласан эдийн засагт тулгарах хүнд хэцүү сорилт бэрхшээлүүд болон эмх замбараагүй улс төрийн болон шүүхийн үйл ажиллагааг бодитоор, нээлттэй нүдээр харах чадвартай тийм хүмүүсийн хувьд дундаас-урт хугацаанд ашигтай хөрөнгө оруулалтын боломжийг олж нээж болох юм гэж хөрөнгө оруулагчид бидэнд хэлсэн юм. Эдгээр хөрөнгө оруулагчид нь Монгол улс дэлхийн хэмжээний ашиглагдаагүй хамгийн томд тооцогдох ашигт малтмалын нөөцүүдтэй гэдгийн хэн хүнээс илүү сайн мэднэ.
 
Уул уурхай болон уул уурхайн дагалдах ажил үйлчилгээ нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжийг өөртөө агуулсан урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд ашигтай байх салбарыг төлөөлдөг юм. Гэвч хамгийн гол санаа зовоож буй асуудал бол Монгол Улсад байгаа сул дорой хууль эрх зүйн тогтолцооны асуудал юм. Энд би ХООС-наас нэг зүйлийг шууд иш татахад “өнгөрсөн жилийн зөвшөөрлийн асуудалд хүртэл маш их болгоомжтой хандах шаардлага бидэнд тулгарч байна” гэжээ. Товчоор хэлбэл, Монгол Улс нь зүрх муутай, эсвэл буруу мэдээлэлтэй хүмүүсийн зорих улс орон биш юм. Бид хамтдаа хамгийн наад зах нь 2016 оны УИХ-ын сонгууль өнгөртөл нэлээд хүнд ширүүн, донсолгоотой замаар явах шинжтэй байна. ОУВС-гийнхны үзэж байгаагаар төсвийн алдагдлыг бууруулах зорилтыг биелүүлж, мөнгөний болон банкны салбарын бодлогыг бэхжүүлэх, мөн хамгийн эмзэг бүлгийнхнийг макро эдийн засгийн төвшний тохируулгын нөлөөллөөс хамгаалахын тулд саяхан танилцуулсан “Макро эдийн засгийн төвшинд тохируулга хийх цогц төлөвлөгөө”-нөөс цааш илүү ихийг хийх шаардлагатай байгаа юм. 
 
Бид яаж яваад энд ирчхэв ээ, ХООС-гаар олж тогтоосон гол гол асуудлууд чухам юу байна вэ? Монгол Улсын сонгогдсон лидерүүд санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө оруулалтын хурд, хүчийг сааруулсан Засгийн газрын буруу алхмуудыг аль хэдийн хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Мөн эдгээр лидерүүд буруу алхмуудыг зөв замд нь оруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа гэдэгтэй санал нэг байгаа юм. Өнөөдрийг хүртэл шинэ Ерөнхий сайд зоримог шийдэмгий байдлаараа Монголын ард түмнээс өндөр үнэлгээ авч байгаа хэдий ч  үр дүнгийн үзүүлэлтээр муу үнэлгээ аваад байна.
 
Монгол улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг нь ард иргэд, олон нийтээс мессежеер авсан ер бусын саналыг хариуг иш татаж дөрөвдүгээр сарын 5-ны өдөр телевизээр үг хэлэхдээ ОТ болон ТТ зэрэг мега төслүүдийг урагш хөдөлгөхөд гол анхаарлаа хандуулах тухайгаа мэдэгдсэн билээ. Гэвч УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өдөр (дөрөвдүгээр сарын 6-ны өдөр) УИХ-ын дарга Энхболдын мэдэгдсэнээр цаашид Оюу Толгойтой хэлэлцээрийн ширээний ард суух шаардлага байхгүй ба Парламентаар хэлэлцүүлэн батлуулахгүйгээр Таван Толгойг хөгжүүлэх гэрээг эцэслэн дуусгахаар оролдсон аливаа сайдыг албан тушаалаас нь огцруулах арга хэмжээг авна гэж мэдэгдсэнтэй Ерөнхий сайдын мэдэгдэл хэрхэн нийцэж байгаа талаар, хэрэв бидэнд асуулт хариултын цаг гарвал, санал бодлоо хуваалцахад таатай байх болно.
 
Монголчуудын ихэнх нь УИХ-ын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг бол олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд нэмээд хэд хэдэн ноцтой асуудлуудад санаа зовниж байна – гадаадын хөрөнгө оруулагчдын компани нь Монгол улсын Засгийн газар эсвэл Монголын бие даасан иргэнтэй бизнестэй холбоотой маргаан үүсгэсэн тохиолдолд гадаадын бизнес эрхлэгчдийг Монгол улсын прокурор болон бусад эрх бүхий байгууллагууд “хилээр гарахыг хориглох” явдал илт байсаар байна. 2015 онд уул уурхайн салбарын гурван удирдах албан тушаалтанд (тэдний нэг нь АНУ-ын иргэн) ял оноож хорьсон явдал нь Монгол Улсын шүүхүүд эрх зүйн зайлшгүй процессын үндсэн зарчмаа бүрэн  баримталдаггүй, ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой хууль, эрх зүйн маргааныг хариуцагчдад таагүй нөхцөлөөр шийдвэрлэх аюулд түлхэж байгааг хөрөнгө оруулагчдад тодоор харуулж өгсөн явдал боллоо. 
 
Яг үнэндээ Монгол улсын хэд хэдэн эрх бүхий байгууллагууд бие даасан хөрөнгө оруулагчид, компанийн албан тушаалтан, удирдлагуудын эсрэг тус улсаас гарах хориг тавих төвшний эрх мэдэлтэй байгаа нь бизнесийн эрсдэлийг тооцоолоход илүү төвөгтэй болгож байна. Засгийн газар эсвэл Монгол улсын иргэнтэй холбоотой үүссэн маргааныг гарах хориг хэрэглэх эсвэл хэрэглэхээр заналхийлэх, албадах замаар хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөлөөр шийдвэрлэдэг гэсэн олны дунд тархсан итгэл үнэмшил нь Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх сонирхлыг улам бүр бууруулж байна. Миний хувьд улс орноос гарах хориг болоод хууль, эрх зүйн эдгээр маргаанууд нь “гадаадын шууд хөрөнгө оруулалтад туйлын хортой нөлөөлөл”-ийг үзүүлж байгааг байнга давтан сануулсаар ирсэн билээ.
 
Хууль эрх зүйн салбарын орон зайд өрнөж байгаа өөр нэг таагүй зүйл бол Монгол улсын эрүүгийн хэргийн шүүхүүд бизнесүүдэд олгогдсон тусгай эрх, зөвшөөрлүүдийг хүчингүй болгох нь нэмэгдэж байгаа явдал юм. 2013 онд Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч 106 ширхэг уул уурхайн лицензийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь маш их анхаарал татсан асуудал байсан хэдий ч тухайн үед бид энэ асуудлыг нөхцөл байдлын нэг хэсэг байна гэж хараагүй юм.
 
Тодруулж хэлэхэд, тодорхой нэг албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа олгосон хэдэн зуун лицензүүдийн дундаас эдгээр лицензүүдийг хууль бусаар олгосон байна гэдгийг нотлох нотолгоог шүүх гаргаж ирээгүй юм. 2015 онд эрүүгийн хэргийн шүүх нь их хэмжээний торгуулиудад үнэлэлт дүгнэлт гаргах, эсвэл компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, компанийг гуравдагч этгээдийн авилгын хэрэгт оноосон ял шийтгэлд үндэслэн Монгол улсын хуулийн хүрээнд иргэний хэргийн хариуцагчаар татах явдал гарсаар байгаад тус орны хууль эрх зүйн салбарын мэргэжилтнүүд санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. АНУ-ын зарим нэг компаниуд ийм хэрэгт орооцолдоод байгаа учраас Элчин сайдын яамны ажилтнууд хэд хэдэн хуралдаанд сууж ажиглалт хийсэн юм.
 
Бидний ажиглагчаар суусан хэргүүдээс харахад эрүүгийн хэргийн шүүх нь иргэний хариуцагчдад шүүх ажиллагааны явцад болон компанийн хууль бус ажиллагааг нотлоход чиглэсэн шүүх хуралдааны үеэр шүүхийн өмнө өөрсдийгөө хамгаалах ямар нэгэн боломжоор хангаж өгөөгүй. Монгол улсын хууль эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Монгол Улсын хууль тогтоомж нь үнэн хэрэгтээ эрүүгийн хэргийн шүүхэд тусгай зөвшөөрлийн статус эсвэл ногдуулсан татвар хураамжийн асуудлаар гаргасан засаг захиргааны шийдвэрийг хянан хэлэлцэх эрхийг олгоогүй байдаг тухай тэмдэглэж байна. Гэвч эрүүгийн хэргийн шүүх аливаа захирамж шийдвэр гаргах эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран захиргааны байгууллагынхан шүүхийн үүрэг даалгаврыг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
 
Шүүх эрх мэдлийн энэхүү бүрхэг асуудлыг шийдвэрлэх хүртэл хөрөнгө оруулагчдын эдийн засгийн эрх ашиг өөрийн эрх мэдлийн хүрээнээс хальсан шүүх засаглалын үйл ажиллагааны нэг хэсэгт зөрчигдөж, гарз хохирлоо зохих эрх бүхий байгууллагуудад давж заалдах ямар ч боломжгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдад тулгарч болохоор байна. Мэдээжийн хэрэг энэ бол хамгийн сэтгэл зовоосон асуудал яах аргагүй мөн юм.
 
Монгол улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор гадны иргэдтэй үүссэн хэрэг маргааны тоо хэмжээ тодорхойгүй байна. Монгол улсын нутаг дэвсгэрт урт хугацааны бизнес хийхийг хүссэн гадаадын ихэнх хөрөнгө оруулагчид, ялангуяа, хэрэв Засгийн газар тухайн асуудалд ашиг сонирхлын өнцгөөс хандаж байгаа тохиолдолд ирээдүйн боломжуудаа алдах аюулаас эмээж зарим асуудлыг чимээгүйхэн байдлаар, эсвэл бүр эргэж сөхөлгүйгээр тэр чигээр нь орхихыг илүүд үздэг байна. Монгол улсын Засгийн газрын харьяаллын байгууллага тус бүрээс зарим нэг албан тушаалтнууд нь гадаадын ашиг сонирхол бүхий тодорхой хөрөнгө оруулалтын маргаануудыг шийдүүлэх эсвэл бусдаас урьтаж эзэмших зорилгоор хээл хахууль санал болгохыг завддаг гэсэн хошин маягийн хүчтэй баримт нотолгоонууд яригдсаар байна. Мөн зарим хөрөнгө оруулагчдаас шууд сонсож буй бас нэг таагүй зүйл бол хараагүй шударга ёсноос илүүтэйгээр гадаадын иргэдийг тэдний иргэншлээр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байна гэсэн итгэл үнэмшил тархаад байгаа юм. Засгийн газрын хувьд аль ч төвшиндөө аливаа маргааныг шийдвэрлэх үйл явцад шууд ба шууд бусаар оролцож байгаа тохиолдлын талаар хөрөнгө оруулагчид мэдээлж байгаа бол бид ч гэсэн захиргааны болон шүүхийн маргаан шийдвэрлэх явцад Засгийн газар хөндлөнгөөс ихээхэн оролцдог болохыг ажиглаж мэдсэн юм. Ийм хөндлөнгийн оролцоог татаж байгаа маргаануудыг хөрөнгө оруулагчид гурван ерөнхий ангилалд багтаан тайлбарлаж байна. Эхний ангилалд Монгол Улсын Засгийн газрын нэг эсвэл хэд хэдэн агентлагууд болон хувийн талууд оролцсон маргаан эзэлж байна. Эдгээр маргаануудын хувьд гэвэл гадаадын оролцогч талд тавьсан зарим нэг шаардлагуудыг хэрэгжүүлэх үүднээс Монголын тал нь Засгийн газар, шүүх, хууль сахиулах болон прокурорын газрын холбоо сүлбээгээ ашиглах боломжтой байдаг. Хоёр дахь ангилалд хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын хооронд шууд үүссэн маргаан орж байгаа юм. Эдгээр маргаануудад Засгийн газар нь өрсөлдөхүйц хэмжээний төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өөрөө удирдан явуулж байгаа, эсвэл Засгийн газрын тодорхой албан тушаалтнууд нууцлагдмал бизнесийн ашиг сонирхлыг дэлгэсэн учраас тухайн бизнесийн байгууллагын маргаанд хөндлөнгөөс оролцох эрхээ Засгийн газар шаардсан хэрэг маргаанууд орж байна. Гуравдугаар ангилалд Монгол Улсын татварын газар эсвэл прокурорын газар нь гадны компаниудад маш их хэмжээний хөөрөгдсөн татвар оногдуулах, түүнээсээ шууд төлбөр шаардах, бүр зарим тохиолдолд тодорхой компаниудын удирдах албан тушаалтнуудад улсаас гарахыг хориглох арга хэмжээ авах, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэрэг маргаанууд орж байна. ХООС-нд онцолсон, бидний анхаарлаа хандуулсан эдгээр маргаантай асуудлууд, арга хэмжээнүүд нь хөрөнгө оруулагчдад хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг Монгол Улсын албан тушаалтнуудад онцгойлон харуулахад бидэнд туслах болно гэдэгт найдаж байгаа. Эдгээр асуудлуудыг сайжруулах замаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд нэлээд урт замыг туулах болно.
 
Би сөрөг мэдээллээр илтгэлээ дуусгахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн ХАМБЗ-ийн  бага хурлаас хойш маш чухал хоёр үйл явдал болоод байна. 2014 оны арван хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай гэрээг (Ти Эй) соёрхон баталсан. Энэхүү гэрээнд 2013 онд АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн (АНУХТГ) Фромэн, дараа нь Гадаад хэргийн сайд Л.Болд гарын үсэг зурсан нь Монгол Улс болон АНУ-ын хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Тус гэрээний гол зорилго нь Америк, Монголын компаниудыг бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад амар хялбар болгоход оршиж байгаа юм.
 
Энэхүү гэрээгээр худалдаатай холбоотой хууль тогтоомж болон захиргааны үйл ажиллагааг шударга зарчмаар явуулах, мөн хээл хахууль, авилгатай тэмцэх үйл ажиллагаанд ил тод байдлыг бий болгох асуудлыг зохицуулдаг. Үүнээс гадна, энэ гэрээ нь худалдааны хууль тогтоомжийг англи хэл дээр хэвлэх боломжоор хангаж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол улсад үйл ажиллагаа явуулахад нь илүү хялбар болгож байгаа юм. УИХ тус гэрээг соёрхон баталсан явдал нь Монгол улсын худалдаа, бизнест нөлөөлж буй хууль зүйн болон зохицуулалтын үйл ажиллагаанд гадаад, дотоодын бизнесүүдийн итгэх итгэлийг сэргээх зорилготой хоёрдмол утгагүй дохио болж өглөө.
 
Мөн арван хоёрдугаар сард, Мянганы Сорилтын Корпорацын удирдах зөвлөл нь Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрт орохоор шийдвэр гаргасан билээ. Өмнө дурдсанчлан, МСК нь жил бүр компакт авах эрх бүхий улс орнуудад зориулж шалгуур үзүүлэлтийн хуудсыг боловсруулдаг. МСК нь тухайн улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын төвшинг өргөн агуулгаар үнэлдэг юм. Ийнхүү өөрийн үнэлгээг гаргахдаа МСК-ийн Зөвлөл нь гурван хүчин зүйлсийг авч үзнэ. Үүнд: тодорхойлон гаргасан бодлогын шалгуур үзүүлэлтүүдийн үр дүн, хэрэгжилт, улс орны хэмжээнд ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж ба боломжит нөөц бололцоо байгаа эсэхийг авч үздэг байна. 
 
Хэрэв энэ компакт нь Монгол улсын хувьд хоёр дахь компакт бол Зөвлөл нь тухайн улс орны анхны гэрээний үр дүнгийн үзүүлэлтүүдийг авч үздэг. Монгол улсын анхны компактын хэмжээ $ 285 сая байсан бөгөөд 2008-2013 онуудад хэрэгжүүлж дууссан юм. МСК-ийн үйл ажиллагааны хамгийн сонирхолтой арга бол АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг авснаар ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих үр дүнтэй байх боломжтой бодлогын орчин бүхий улс орнуудыг тодорхойлохдоо гуравдагч хөндлөнгийн талын шалгуур үзүүлэлтийг ашигладаг явдал юм.
 
Би ХАМБЗ-ийн гишүүдэд МСК-ийн үндсэн зорилтууд болох шударгаар эрх барих, хүмүүст хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих - түүнчлэн хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах, компактад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх оруулах асуудалд онцгой анхаарал хандуулах гэсэн зорилтуудтай бүрэн танилцахыг уриалж байна. Монгол Улсын хоёр дахь компакт нь АНУ-Монгол улсын хоорондын хөгжлийн яриа хэлэлцээрийг урагш ахиулаад зогсохгүй манай хоёр орны хоорондын харилцааны ерөнхий байдал болон эдийн засгийн хөгжилд эзлэх орон зайг төлөвшүүлэхэд асар их ач холбогдолтой байх болно гэдэгт би итгэлтэй байна.
 
Ингээд би илтгэлээ төгсгөе. Намайг өнөөдөр энд илтгэл тавихыг урьсан, мөн АНУ-Монгол Улсын хоорондын худалдааны харилцааг илүү үр дүнтэй, эрчтэй байлгахын тулд хийж байгаа бүх зүйлүүдийн төлөө ХАМБЗ-ийн удирдлагад би талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.
 
АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэмбэлл