sonin.mn
 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зургаадугаар сарын нэгнийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохиож эхэллээ.
 
Аяны нээлт 2015.05.06-ны өдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын байцаагч нар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд аяны нээлтэд оролцов.
 
Аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ сурталчилсан бол Мэргэжлийн хяналтын байгууллагаас хуурамч архи, ундаа, хаяг, шошго, хадгалах хугацааны зөрчилтэй хүнсний бусад бүтээгдэхүүн, ус, сүү, айраг гэх мэтээр ахуйн зориулалтаар ашиглаж болох болон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хуванцар савнуудаар үзэсгэлэн гаргаж, иргэдэд танилцуулан зөвлөмж өглөө.  
 
Аяны хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа хийхийн зэрэгцээ сургалт сурталчилгаа зохион байгуулах юм. Тухайлбал мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд Хяналтын хуудсыг хэрэглэх талаар зөвлөн туслаж, сургалт хийн гарын авлага, зөвлөмжөөр хангана.
 
Мөн мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтад тандалт судалгаа хийн, шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлж арилгуулах, хуванцар савны импортын хэрэглээнд  судалгаа хийж, шаардлагатай бол холбогдох газруудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөлөө.
 
Энэ бүхэн нь ард иргэдийг чанар, стандартын шаардлага хангасан хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хэрэглэгч өөрөө сонголтоо зөв хийж, зааврын дагуу хадгалах, бэлтгэх хэрэглэхтэй холбоотой мэдээллээр ханган, хоол, хүнснээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх дадал хэвшүүлэх, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгах, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах зорилготой юм. 
 
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил биш. Үүнд үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, хэрэглэгч, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоо, идэвх зүтгэл чухал юм. Хүнсний чанар, аюулгүй байдлыг ганцхан сарын хугацаатай аянаар шийдэхгүй учир бүх тал, ялангуяа аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчид үүрэг, хариуцлагаа ухамсарлан ямар хүнс, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэж байгаадаа анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага уриалж байна. Аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа зөрчил, дутагдлын талаархисанал, гомдлыг ажлын цагаар 1800-1286, 51-264786 утсаар хүлээн авч шийдвэрлэж байх болно.