sonin.mn
 
 Францын шүүх байгууллагууд Палестины удирдагч агсан Ясир Арафатын үхлийн шалтгааныг мөрдөн шалгах ажлаа дууссан байна. Энэ тухай уг хэргийг шалгах асуудлыг хариуцсан тус улсын Нантер хотын Прокурорын газар мягмар гарагт мэдээлснийг Франс-Пресс агентлаг уламжилжээ. “Шүүхийн мөрдөн байцаагчид мөрдөн шалгахаа ажлаа дууссан бөгөөд хэргийг дөрөвдүгээр сарын 30-нд Прокурорын газарт шилжүүлсэн” гэж тус байгууллага мэдээлсэн байна.
Нантер хотын Прокурорын газрын онцлон тэмдэглэснээр, шүүх ажиллагаанд бэлдэхэд тэдэнд одоо гурван сарын хугацаа үлджээ. Мөрдөн шалгалтын эцсийн дүгнэлтийн талаар мэдээлээгүй боловч шинжээчид Ясир Арафатыг цацраг идэвхт полоний бодист хордсон байж магадгүй гэх таамгийг дахин няцаасан байна.
 
Арафатын цогцсоос авсан дээжээс илэрсэн полоний-210, хар тугалга-210 бодисууд нь “байгалийн гаралтай” болохыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн гэж Нантер хотын прокурор Катрин Дени хэлжээ.
 
Ясир Арафат 2004 оны 11 дүгээр сарын 11-нд Францын нийслэл Парис хотын дагуул Перси хотын цэргийн эмнэлэгт 75 насандаа таалал төгссөн билээ. Францын эмч нарын албан ёсны хувилбараар, Палестины удирдагч үл мэдэгдэх халдварын улмаас их хэмжээний дотуур цус алдалтаас үүдэлтэй цус харвалтын улмаас нас барсан байна. Гэвч Арафат полоний бодист хордсон байж болзошгүй гэх мэдээлэл хожим хэвлэлүүдэд гарсан юм. 2012 онд Арафатын бэлэвсэн эхнэрийн хүсэлтийн дагуу Палестиний Рамалла хотын бунханд оршуулсан байсан түүний цогцсыг гаргаж, 16 орчим дээж авсан байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг