sonin.mn
 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 10-нд УИХ-д өргөн барьсан юм. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тус хуулинд шинээр тусгаж буй томоохон өөрчлөлтүүдийг тодруулахад, “Хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол, ослын улмаас нас барсан иргэдийн тоо буурахгүй байна, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж буй иргэдийн тоо мөн дорвитой буурахгүй байна. Өнгөрсөн жил гэхэд барилгын салбарт гарсан ослын улмаас 24 хүн, уул уурхайд гарсан ослын улмаас 10 хүн нас барсан. Тиймээс хуулинд зарчмын чанартай хэд хэдэн өөрчлөлтийг орууллаа. Үүний дотор үйлдвэрлэлийн осол гаргаж буй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Одоогийн хуулиар үйлдвэрлэлийн осол эхний удаа гаргасан бол 300-500 мянгаар торгодог, хоёр дахь удаагаа бол 1 - 2 сая төгрөгөөр торгодог. Энэ нь хариуцлагын механизм болж чадахгүй байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн гаднах орчинд иргэд осолд өртөх  асуудал их  гардаг. Одоогийн хуулиар үйлдвэрлэлийн гаднах орчинд гарсан ослыг ажил олгогч хариуцахгүй байгаа. Шинэ хуулиар үйлдвэрлэлийн гаднах талбайд гарсан ослыг ажил олгогч хариуцдаг байхаар хуулинд өөрчлөлт орсон. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа болон амь насаа алдаж байгаа иргэдийн нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотой шинэ даатгал гарч ирж байна. Эрсдлийн түвшин өндөртэй ажлын байранд ажиллаж байгаа иргэдийг ажил олгогч  амь нас, эрүүл мэндийг нь даатгуулдаг байх, эрсдлийн түвшин өндөртэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтан амь насаа болон хөдөлмөрийн чадвараа алдах юм бол тодорхой даатгал авахаар тусгасан. Түүнчлэн барилгын салбар дахь захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч эдгээр субьектууд аль шатандаа хэн нь хариуцлага хүлээхийг тодорхой болгох шаардлагатай болсон. Тийм учраас захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нар хоорондоо хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой гэрээ хийдэг байх зэрэг асуудлыг хуульчилсан" гэв.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг