sonin.mn
 
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.05.06.Лхагва гараг/ хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
 
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс төслийн малчдын хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсэг, тэр дундаа хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртвэл хэрхэн авч үзэх талаар гаргаж байсан саналыг байнгын хороо анхны хэлэлцүүлгийн явцад орхигдуулсан байна гэсэн яриа өрнөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хортой, хүнд, онцгой нөхцөлтэй холбоотой асуудалд анхаарах, хөндөгдөөгүй орхигдсон зарим асуудлыг авч үзэж хуулийн төслийг ойлгомжтой болгох үүднээс байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх горимын санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Иймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дахин нягтлахаар тогтсон юм. Энэ дагуу тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд заасан дээрх асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
 
Хурдан морины уралдааны үед хүүхэд унаж бэртэх асуудлын талаар гаргасан гишүүдийн асуултад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариулахдаа , унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтэл биш тул энэ хуулиар зохицуулагдахгүй гэсэн тайлбарыг өглөө. Мөн малчдын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл их гарч байгаа. Иймд яамны зүгээс энэхүү мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байх зорилгоор “малчин” гэсэн нэр томьёог төсөлд тусгаж оруулсан гэсэн юм.
 
 
Дээрх нэр томьёог хасах, эсэх талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн” гэсний дараа “малчин” гэж заасныг хасах Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
 
Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Төсвийн байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ ирүүлж амжаагүй байгаа учир асуудлыг энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшуулах саналыг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.