sonin.mn

Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны 11 дүгээр хуралдаанаар “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумыг зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 2015 оны тавдугаар сарын 4-ний даваа гарагт Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна.

“Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумыг манай улсад анх удаа нийслэлийн дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсээс зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд уг форумд Япон, Комбаж, Оросын холбооны улс, Буриад, БНСУ-ын сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Мөн Нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн цэцэрлэгийн эрхлэгч нараас бүрдсэн 250 гаруй төлөөлөгчид уг форумд оролцож байгаа аж.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа уг форумыг нээж хэлсэн үгэндээ, ““Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” Азийн орнуудын сургуулийн өмнөх боловсролын форумыг нээх хүндтэй үүрэг хүлээлгэж байгаад талархал илэрхийлье. Даяаршиж байгаа энэ цаг үед дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах нь чанартай боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улмаар өндөр мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Дүүргийн маань сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн гарц нээгдсэн хариуцлагатай энэ үе Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойтой давхцаж, азийн орнуудын сургуулийн өмнөх боловсролын хөгжлөөс туршлага солилцох боломж болж байгаад талархаж байна. Хүүхэд багачуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэхэд Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч Та бүхний хувь нэмэр, оролцоо асар их юм. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан зохион байгуулсан “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумын ажиллагаа амжилттай болж, зорьсон үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Монгол Улсын төрөөс тавьж буй сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг боловсронгуй болгох бодлогыг бид Баянзүрх дүүрэг амжилттай хэрэгжүүлж ирсэний баталгаа өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа явдал болохыг тэрбээр мөн онцолж байлаа. Төрийн бодлогыг дүүргийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж ажилласаны дүнд 2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 6 цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байгаа юм байна.  Хүний хөгжлийн төв болсон сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, Азийн орнуудын сургуулийн өмнөх боловсролын хөгжил, туршлагыг солилцож, өөрийн орны туршлагыг хуваалцаж байгаа “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форумын үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.