sonin.mn
 
"Creative Industries-Шинэ эрин" сэдэвт VIP лекц өнгөрөгч баасан гарагт СУИС-ийн “Оюутан” театрт боллоо.
 “Creative Industries” буюу бүтээлч үйлдвэрлэлийн тухай энэхүү лекцийн үеэр “Монголын эдийн засгийн форум”-ын нарийн бичгийн дарга Б.Ган-Очир "Creative Industries-сонголтгүй сонголт, “Монгол масс медиа” группын гүйцэтгэх захирал А.Амундра "Creative Industries-продюсинг”, Ард санхүүгийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Creative Industries-шинэ эрин” сэдвээр тус тус илтгэл тавив.
 
Тэд бүтээлч үйлдвэрлэлийн тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм. Тус лекцийг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөтлөн явуулав.
 
 “Женко” группын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Creative industries-Хүний хөгжил” сэдвээр"Бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган”-д тавьж байсан өөрийн илтгэлээсээ сонирхуулав. Тэрээр илтгэлдээ, “Монгол Улс урт удаан хугацааны төлөвлөлтийг хийдэггүй нь ажиглагдсан. Дөрвөн жилд нэг удаа болдог мөрийн хөтөлбөр л байдаг. Энэ нь Монгол Улсынх бус улс төрийн намуудынх байдаг. Азийн хөгжилтэй бусад орны жишээг харахад өөрсдийн хөгжлийн төлөвлөгөөг 10-15, 20- 25 жилээр гаргасан байдаг. Сингапур, Малайз, Тайланд, Япон, Солонгос зэрэг улс нь хөгжлийнхөө төлөвлөгөөг дээрх хугацаагаар гаргаж, түүнийгээ хэрхэн яаж, ямар механизмаар хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцан тохиролцож ажилладаг. Харин манай улсын хувьд сонгуулийн дөрвөн жилээр хөгжлийн төлөвлөгөө хэмжигддэг тул бодитой бүтээн байгуулалт өрнөдөггүй. Социализмын үед бол харин Монгол Улс тав, таван жилээр хөгжлийн бодлогоо төлөвлөдөг байж. Монгол бол асар баялагтай улс, малчид маань тэрбумтан болох боломжтой. Монголчууд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлоод явах юм бол хөгжих боломжтой” гэдгийг онцлов.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг