sonin.mn
 
 Солонгос гаралтай, Америкт оршин суух эрхтэй оюутныг суллаж, түүнтэй уулзах боломжийг консулын тусламж үзүүлж чадах дипломат ажилтнуудад олгохыг Өмнөд Солонгосын эрх баригчид Пхеньянаас шаарджээ.
“Баривчилсан шалтгаанаа Өмнөд Солонгосын Засгийн газарт ч, гэр бүлд нь ч тайлбарлалгүйгээр  тус улсын иргэн болох Чу Вон Муныг Умард Солонгост саатуулж байгаад бид маш их харамсаж байна. Чу Вон Муныг нэн даруй суллахыг Өмнөд Солонгосын эрх баригчид Умард Солонгосоос хатуу шаардаж байна” гэж Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Лим Бён Чхолийн хэлснийг цохон тэмдэглэж байна.
 
Солонгос гаралтай, АНУ-ын Нью-Жерси муж улсад байнга оршин суух эрхтэй, Нью-Йорк хотод суралцдаг оюутныг баривчилсан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг бямба гарагт мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Чу Вон Муныг Хятадын талаас Умард Солонгосын хилийг Ялузян голоор /Солонгос нэр нь Амноккан/ хууль бусаар давах гэж байхад нь баривчилсан байна.
 
21 настай оюутан Умард Солонгосын эрх бүхий байгууллагуудад байцаагдаж байгаа бөгөөд хийсэн үйлдэл нь “тус улсын хуулийг ноцтой зөрчсөн” болохыг хүлээсэн гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлэлд цохон тэмдэглэжээ.  
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг