sonin.mn

  Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдаа тус аймгийн цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан ажлын хэсгийг ахлаж 2015 оны 04 дүгээр сарын 07-ноос 09-ны өдрүүдэд гэмт  хэргийн гаралт өндөртэйд тооцогддог Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сайхан, Хушаат зэрэг сумдад ажиллажээ.

 

Энэ үеэр сум орон нутгийн иргэдтэй уулзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байнга явуулж байх учир шалтгааныг тайлбарлан таниулж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.

 

Сэлэнгэ аймагт жил бүр өөр орон нутгаас мал бүхий иргэд олноороо ирж суурьшин амьдардаг ба тухайн иргэд өөрсдийгөө болон малаа ямар нэгэн бүртгэлд хамруулдаагүй байдлаасаа  болж гэмт халдлагад өртдөг байна.

 

Тиймээс хуулийн байгууллага хаана амьдардаг, хэнд хэдэн мал байсан, гэдгийг шалгахад хүндрэл учирдгаас үүдэн малын А дансыг заавал хөтлөх, шаардлагатай бол зарим малынхаа фото зургыг авч хадгалах зэргээр өөрсдийн өмчийг хэрхэн хамгаалах талаар судалгааны үндсэн дээр тайлбарлажээ.

 

Мөн олон улсын авто зам бүхий газарт замын тэмдэг, тэмдэглээ, гэрэлтүүлэг, хурд сааруулагч, огцом эргэлттэй байнга осол гардаг газрын үзэгдэх орчинг сайжруулах, байнгын пост ажилуулах, зам дагуу архи согтууруулах төрлийн ундаагаар үйлчилдэг газарт үзлэг шалгалтыг сайжруулж ажиллахыг орон нутгийн Засаг дарга болон ажил хариуцсан хүмүүст үүрэг болгосон байна.