sonin.mn
БНАСАУ-ын Ардын дээд хурлын /АДХ/ тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 9-нд Москва хотод зохион байгуулах баярын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцоно.
Түүний айлчлалын талаарх мэдээллийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр нийтэлжээ. Гэхдээ тус агентлаг Умард Солонгосын хууль тогтоох дээд байгууллага болох АДХ-ын тэргүүлэгчдийн дарга чухам хэдийд Москвад айлчлах болон Оросын дипломат хүрээний төлөөлөгчидтэй уулзах эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна.
 
Москва хотод болох Ялалтын парадад Умард Солонгосын удирдагч хүрэлцэн ирэхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдэгдсэн билээ. Песковын хэлснээр, энэ шийдвэр нь “Солонгосын дотоод асуудалтай” холбоотой бөгөөд тэрбээр Ялалтын баярт оролцох боломжгүй болсноо дипломат эх сурвалжуудаар дамжуулан Оросын талд мэдэгдсэн” байна.
 
Фашист Германыг ялсны ойг тохиолдуулан зохион байгуулдаг баяр ёслолын арга хэмжээнд Москва хотод дэлхийн олон орны удирдагчдыг урьдаг уламжлалтай. Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд гадаадын 68 орны төр, засгийн тэргүүн нар, мөн ЮНЕСКО, НҮБ, ЕХ болон Европын Зөвлөлийн удирдагчдыг урьсан байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг