sonin.mn
 
Армийнхан аврахаар дөхөж ирэнгүүт барьцааны хүмүүсийг чулуу шидэн хөнөөж байсан гэж Нигери улсын хойд нутагт “Боко Харам” бүлэглэлийн босогчдын барьцаанд байсан хүмүүс ярилаа.
Эмэгтэйчүүдийн хэлснээр, армийнхан ойртон ирж байгааг мэдэн зугтахаас татгалзсан хүмүүсийг “Боко Харам”-ын босогчид чулуу шидэлж эхэлдэг байжээ.
 
Нигерийн армийнхан өнгөрсөн долоо хоногт 300 орчим хүүхэд, эмэгтэйг Самбисын ойгоос авран засгийн газрын харьяа хуаранд авчирсан юм.
 
“Нэлээд олон хүнийг ингэж чулуу шидэн хөнөөсөн. Гэхдээ яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна” гэж эмэгтэйчүүд ярьсан байна.
 
Аврагдсан хүмүүсийн ярьснаар, босогчид эхлээд хүмүүсийг барьцаалж, дараа нь эрэгтэйчүүд болон хөвгүүдийг гэр бүлийнхнийх нь өмнө хөнөөгөөд, хүүхэд болон эмэгтэйчүүдийг ой руу аваачжээ.
 
Зарим эмэгтэйг босогчидтой хүчээр гэрлүүлсэн байна.
 
Лалын босогчид тэднээс огт харц салгадаггүй, бие засахаар явахад нь хүртэл дагадаг байжээ.
 
“Бид өдөр бүр нэгийгээ үхэхийг харж, бидний ээлж хэзээ ирэх бол гэж хүлээн айж суудаг байсан” гэж 24 настай, хоёр хүүхдийн ээж Умару ярив.
 
“Боко Харам” бүлэглэл лалын улс байгуулахын тулд 2009 онд ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Нигерийн хойд нутагт хэдэн мянган хүний аминд хүрсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг