sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай.
 
Жилээс  жилд цар хүрээ нь  тэлэн өргөжиж тус баярын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БСШУЯ-аас "Үндэсний бичиг үсэг түгээн дэлгэрүүлэгч" тэмдгээх 5 иргэнийг шагнаж урамшуулсан юм. "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг угтаж "Хүүхдийн ордон"-оос  "Үндэсний бичиг соёл" улсын уралдааныг зарлан явуулж, хот хөдөөгөөс шалгарсан 300 гаруй багш, сурагчид оролцсон байна. Мөн МУИС,МУБИС-ууд "Б.Ринченгийн нэрэмжит"  монгол бичгийн улсын уралдааныг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, дүгнэлээ. Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангууд уламжлалт олон ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал энэ өдрүүдэд Монгол бичиг, хэл соёлоо эрхэмлэн дээдлэх зорилгоор  "Би Монгол бичигтэн" нэгдсэн уриалга гаргаж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажил хийгдэж байна. 
 
Хувь хүний гар дээр хадгалагдаж байгаа бичгийн дурсгал, ном судар төрөл бүрийн гар бичмэлийг уншиж хөрвүүлж өгөх үйлчилгээ, албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн хаяг, нэрийн хуудас, ил захидал зэргийн эхийг хэвлэх болон бийр үзгээр бичиж өгөх юм байна. Түүнчлэн Монгол  бичгийн улсын олимпиад насанд хүрэгчдийн дунд 3 ангилалаар зохион байгуулагдана. Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулна. Түргэн уншлагын уралдаан, крилл үсгийн эх бичвэрээс монгол бичигт хөрвүүлэн бичүүлэх тэмцээн, Монгол хэлний хуулийг хүлээн авах, хуулийн талаарх хэлэлцүүлэг, Монгол бичиг үсгийн дурсгалын үзэсгэлэн, монгол бичгийн ховор дурсгал бүтээлийн худалдаа, солилцоо зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.