sonin.mn

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох гэрээ гэгчээс болж Монголын улс төр бүхэлдээ хоёр тал хуваагдаад байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нарын эсрэг тэсрэг байр сууринаас үүдэлтэйгээр АН хэдийн хоёр хуваагджээ. АН-ын ЕНБДарга Л.Эрхэмбаяр, АН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ж.Батзандан нар намын даргынхаа шийдвэрийг зөв гэж үзэж буй бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Р.Амаржаргал  нарын гишүүд өөр байр суурьтай байгаа.
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч зарчмын өөр байр суурьтай байгаа нь нэгэнт тодорхой болоод буй. Өчигдөр МАХН мэдэгдэл гаргаж, “Тавантолгойн ард газар бүх ард  түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж МАХН үзэж байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа бүх хувьцааг иргэдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулах.


2. Тавантолгойн орд газрыг ашиглахдаа МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байхыг баримтлах ёстой.

Эдгээр байр сууринаас харахад УИХ-д өргөн бариад байгаа гэрээ нь бидний зарчмын байр суурийг хангаагүй байна. Тиймээс МАХН дэмжих боломжгүй. Тавантолгойн орд газрыг ашиглах тогтоолын төслийг хууль тогтоожид нийцүүлэн, нийтлэг эрх ашгийг хамгаалан батлахыг урилаж байна” гэж  мэдэгдсэн.  МҮАН-ын хувьд мэдээж намын дарга М .Энхсайханыхаа байр суурийг  дэмжиж байгаа.


Тэгвэл Тавантолгойн гэрээнээс  үүдэн  МАН –ын удирдлагууд ч  зөрчилдөх болжээ .
Намын дарга М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхан УИХ-ын дарга  З.Энхболдын байр суурийг дэмжиж байгаа бол С.Бямбацогт, С.Батболд, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Д.Хаянхирваа, Ж.Батсуурь, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж нар М.Энхсайханы боловсруулсан гэрээг батлахыг дэмжиж буй аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг гэрээний төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжих магадлал өндөр байгаа бөгөөд иймээс ч УИХ-ын дарга элдэв ажлын хэсэг байгуулах, гэрээний материал дутуу байна гэх зэргээр УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэлгүй хойшлуулж буй гэнэ.


Э.Саруул