sonin.mn
 
 
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Батболдтой ярилцлаа.
 
-Өргөдлийн байнгын хороо лхагва гарагт Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгууллаа. Тус арга хэмжээнд та оролцсон, товч мэдээлэл өгөөч?
 
-Нээлттэй сонсголоос ямар нэг шийдвэр гардаггүй, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулах талаар УИХ-ын дэгийн тухай хуульд бий. Гэхдээ ямар хэлбэрээр, хэрхэн зохион байгуулж, аль хүрээнд явуулах вэ гэдэг дээр ярилцах нь зүйтэй. Лхагва гарагт болсон нээлттэй сонсгол бол нэлээд улстөржсөн, асуудлыг бүхэлд нь хандаж чадаагүй, тодорхой тооны сайд нарыг дуудаад, тэднийг шүүх байдлаар явуулсан. Төрийн албан хаагчдын асуудлыг ярих нь зөв хэдий ч  УИХ бол цэц биш, шүүх биш. Тийм учраас Өргөдлийн байнгын хороонд харьяалагддаг МАН-ын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Нийтийн сонсголыг өдөр бүр явуулдаггүй учраас тухайн асуудлыг бүхэлд нь харж, бүх талын оролцоог тэгш ханган, санаа бодлыг сонсдог байх ёстой юм.
 
-Төрийн албаны халаа сэлгээг бүх шатандаа зогсоох хэрэгтэй гэсэн ч байдал өнөөдрийн түвшинд хүрээд байна?
 
-Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаарх асуудал нь байнгын сэдэв гэдгийг лхагва гарагт болсон Нээлттэй сонсголын үеэр ч УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд нар, иргэд ч хэлж байсан. Анх Төрийн албаны хуулийг батлаад, Мерит тогтолцоогоор явуулах үндсийг тавиад, төрийн албыг улс төрөөс ангид байлгах тогтолцоог бий болгохоор 20 жил хичээж байгаа юм. 1995 онд Төрийн албаны тухай хууль батлагдсан, 2008 онд өөрчлөлт орсон. Тухайн үеийн өөрчлөлтөөр төрийн албаны тогтвортой байдлыг хангах үүднээс улс төрийн намын гишүүнчлэлгүй хүмүүсээр төрийн албыг бүрдүүлэх гэж хичээж эхэлсэн. Энэ хооронд төрийн албан бэхжиж байсан. Төрийн албаны зөвлөл гэж хараат бус комисс байгуулан, ажиллуулж эхэлсэн. Төрийн албанд тодорхой шалгуур хангасан тохиолдолд ажилладаг тогтолцоог бий болгоод төрийн албан хаагчид нь тангараг өргөөд ажлаа гүйцэтгэдэг журамд шилжсэн.
Засгийн эрх барьж байсан улс төрийн намууд “Чиний үед тэдэн төрийн албан хаагч халагдсан, миний үед тэд халагдсан, би төчнөөн тооны хүн ажилд авсан” гээд мэтгэлцээд, байдал энэ хэвээр үргэлжлээд байгаа нь тааруухан байгаа төрийн албаны нэр хүндийг бүр унагаж байгаа хэрэг. Тэгэхээр бид төрийн албыг тогтворжуулах, чадваржуулахад чиглэсэн улс төрийн зөвшилцөл зайлшгүй хийх шаардлагатай болчихоод байгаа юм.
 
-Үүсээд байгаа бэрхшээлийг арилгах, төрийн албаны тогтвортой байдлыг хангах тал дээр ямар байгууллага голлох үүрэгтэйгээр оролцох ёстой вэ?
 
-Төрийн алба түшмэд дээр тогтдог гэдэг, гэтэл өнөөдөр мэргэшсэн түшмэд байхгүй болсон. Зүй ёсны шалгуураар ч ороогүй, зөвхөн улс төрийн намын гишүүн байх, түүндээ үнэнч зүтгэх гэдэг шалгуураар л орж ирэх болсон нь Монгол төрийн дархлааг бууруулж байна. Он удаан жил үргэлжилсэн халаа сэлгээний асуудал сүүлийн жилүүдэд эрчимжсэн энэ байдлаас үүдэн төрийн албанд мэдлэг, чадвар, дадлагатай мэргэжилтэн цөөн үлдсэн гэж би үзэж байна. Өмнө нь мэргэшсэн нэг мэргэжилтний хийдэг байсан ажлыг өнөөдөр ямар ч туршлага, мэдлэггүй таван хүн хийж байна. Уг нь бол туршлагатай мэргэжилтнүүд, дунд үеийнхэн, шинэ ажилтнууд мөр зэрэгцэн ажиллаж байх ёстой. Төрийн алба бол карьераар дэвшдэг, он удаан жил ажиллан, туршлагажиж, тухайн салбараа мэддэг болсноор дэвшдэг тогтолцоо руу орох ёстой байтал аль нэг улс төрийн намын татаас, түлхээс, жагсаалтаар төрийн алба руу ордог байдал үүсээд байна. Байдал нэгэнт ийм байгаа учраас одоо байгаа Төрийн албаны зөвлөлийг татан буулгаад, улс төрийн зөвшилцлийн хүрээнд хараат бус статустай комисс шинээр байгуулан төрийн албыг шинэчилж, шигших байдлаар асуудлыг цэгцлэх боломжтой гэж би харж байна. Ингэхдээ одоо ажиллаж байгаа төдийгүй ажиллах сонирхолтой бүх хүнийг оролцох эрхтэйгээр зохион байгуулж болно. Одоогийн жишгээр хуулийн заалт цээжлүүлээд, тэрийг нь хооронд нь сольж тавиад тест авдаг биш, тэр дотроос төрийн албанд үнэнч, шударгаар, тогтвортой ажиллах байдлыг харгалзан шалгаруулах ёстой. Авилгалд автахгүй, хувийн эрх ашгаа дээдэлдэггүй, олон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг байх зэргийг шалгуурыг үндэс болгосон хэлбэрээр шалгаруулалт явуулж, шинээр төрийн албыг бүрдүүлэхийг ойрын хугацааны зорилт болгох нь зүйтэй гэж би үздэг. Байдал ийм болсонд төрийн албанд одоо ажиллаж байгаа хүмүүс буруутай гэж байгаа хэрэг биш.
 
Миний хувьд төрийн албанаас улс төрд орсон учраас төрийн албыг эрхэмлэн, дэмжиж, тэнд ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурьтай явж ирсэн. Гэхдээ сүүлийн үед олон нийтийн зүгээс төрийн албанд хандаж буй хандлага сөрөг болчихсон. Авилгалч, хүнд сурталтан,  олон нийтийн эрх ашгийг үл тоомсорлодог гэдэг тодорхойлолт нэгэнт төрийн албан хаагчдад зүүгдчихсэн учраас миний санал болгож буй бүрэн шинэчлэл хийх шаардлага байна.
 
-Энэ байдлыг цэгцлэх шаардлага байна гэж байна. Хэн, хэрхэн?
 
-Би дээр хэлсэн,  улс төрийн намууд зөвшилцөн шинээр хараат бус комисс байгуулах …
 
-Гэхдээ одоо ажиллаж буй Төрийн албаны зөвлөлийг ч анх ийм зорилгоор байгуулсан биз дээ?
 
-Тийм, гэхдээ үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Тиймээс улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд хараат бус комисс байгуулах шаардлагатай. Үүний тулд хуулийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, ямар хэлбэрээр ажиллуулахаа шийдэх, төрийн албаны ажилд Засгийн газрын оролцоог УИХ-аас оролцдоггүй, хүрдэггүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
 
-Шинээр хараат бус комисс байгуулаад өнөөдрийнхөөс өөр ажиллана гэдэгт баталгаа байхгүй шүү дээ?
 
-Бэлтгэл сайтар хангах ёстой гэдэг үүднээс эхний ээлжинд түр хууль гарган, тэр хүрээндээ ажиллах боломжтой. Засгийн газар, яамны бүтцээс эхлээд сумын Засаг даргын Тамгын газар хүртэл бүтцийг хэрхэн, яаж хуульчлан тодорхойлох вэ. Засгийн газар шинээр эмхлэн байгуулдах бүрт бүх яамны нэрийг өөрчилж байх нь зөв үү, Ерөнхий сайдын эрх мэдлийн хэмжээ ямар хэмжээтэй байх вэ, ямар хуулийн хүрээнд Засгийн газрын бүтцээ тодорхойлохыг зааж, хуульчлахаас эхлэхгүй бол шинэ Ерөнхий сайд гарч ирээд нэг яамны нэрэн дээр нэг үг нэмээд л бүтцийг нь бүхлээр нь өөрчилдөг байдлыг халах ёстой. Зүй нь шинэ сайд яамандаа очоод улс төрийн бодлогоо танилцуулдаг. Бодлого мэдээж хуулийн хүрээнд байна, түүнд тохирсон төрийн захиргааны үйл ажиллагааг явуулах юм гээд чиглэл өгөхөд тэр хүрээнд мэргэшсэн албан хаагч хүлээн авч, хамтарч ажилладаг байх нь зөв юм.
Гадаад улс орнуудад ийм комисс ажилладаг, тэр нь халдашгүй эрхтэй байдаг юм билээ. Тухайн орны төрийн албанд хэн ажиллах вэ гэдгийг шийддэг, тэр нь эцсийнх байдаг. Гэхдээ Засгийн газарт тодорхой эрх шилжүүлэх зохицуулалттай бөгөөд тэр нь комиссын шийдсэн эрх мэдлийн хүрээнд хийгддэг юм билээ. Энэ байдлыг хангахгүй бол комисс эрхээ хэрэгжүүлэн, шууд томилгоог хийх байдлаар хийдэг жишээ бий.
Шинэчлэл улс төрчдийн хүсэл сонирхлоос ихээхэн хамааралтай гэж харж байна. Зоригтойгоор, нэг эрх ашгийн төлөө нэгдэж Монгол төрийн албыг цэгцлэхгүй бол энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Өнөөдөр аль нэг яаман дээр очоод салбарынхаа асуудлаа мэддэг хүн хайвал ховор. Хуучнаа байтугай шинийгээ ч мэдэхгүй.
Нөгөө талаар, чадварлаг, мэргэшсэн, чадвартай хүмүүсийн мөн чанарыг  өнөөдрийн шалгуур нь илэрхийлэх боломжийг хангахгүй байгаа учраас шинэчлэл хийх ёстой гэж үзэж байна.
 
-Төрийн албаны тогтвортой байдлыг хангах ёстой гэдэг дээр бүгд санал нэг байгаа. Гэтэл шинэчлэл хийх нь үүний эсрэг болно шүү дээ. Шинэтгэл нэрийн дор тогтсон институтын тогтолцоог задлан, шинээр эмхлэх гэсэн нүсэр үйл явц өрнөх биш үү?
 
-Тогтвортой байдал чухал, гэхдээ одоо байгаа төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулна гэчихвэл буруу болж байгаа юм. 2012 оноос хойш гэхэд л төрийн албан хаагчдын 60-70 хувь нь шинэчлэгдсэн. Шинэчлэл хийх нь нэлээд нүсэр ажил байж болох ч үүнээс өөрөөр хийх бололцоогүй. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийг цаашид тогтвортой ажиллах нөхцлийг хангах ёстой гэвэл Төрийн албаны шинэчлэл явахгүй. Өнөөдрийн байдлаар төрийн албанаас халагдсандаа гомдолтой байгаа хүмүүс төдийгүй настай хүмүүс, залуу хүмүүс дэмжинэ гэж бодож байна. Ингэвэл бүгдэд нь гарааны тэгш боломж олгоно. Монгол төрийн албыг шударга, чадварлаг мэргэжилтнүүдээр бэхжүүлнэ гэж үзэж байна. Би төрийн албаны тухай хуулийн төслийг өргөн барьсан. Удахгүй Засгийн газраас уг асуудалтай холбоотой хуулийн төсөл өргөн барих юм билээ. Ямар ч байсан шинээр гарах хуулиар шинэчлэл хийх ёстой. УИХ Засгийн газарт чиглэл өгч, шинэчлэл хийх үү, одоогийн хэмжээнд нь засаад явах уу гэдгээ шийдэх ёстой.
Төрийн албыг улс төрийн намууд бөмбөг шиг “өшиглөөд” байгаа байдал нь нэг намаа нөгөөх нь хорлоод байгаа юм биш. Харин Монгол Улс, монгол төрийг хүчгүй, чадваргүй, мэдлэггүй, туршлагагүй, чадамжгүй болгоод байгаа хэрэг. Энэ байдлаас гарах хэрэгтэй.
 
-Мерит зарчим гэж яригдаж байгаа, үүний гол нь юу юм бэ?
 
-Бид л хэрэгжүүлдэггүй болохоос 1995 онд л яригдаж байсан асуудал. Төрийн албаны тухай хууль батлагдаад, нэлээн цэгцтэй байсан ч сүүлийн гурван УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд зарчим нь нэлээд алдагдсан. Төрийн нарийн бичгийн даргаар хэн ч хамаагүй томилогдож байна. Уг нь хуулиар бол төрийн албаны туслах түшмэлийн албанаас эхлэн карьераа дээшлүүлсээр салбарынхаа захиргааны хамгийн өндөр албан тушаал болох төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд хүрэх зарчимтай юм. Гэтэл энэ зарчим алдагдаад, улс төрийн томилгоогоор Төрийн нарийн бичгийн даргыг томилоод байхаар зарчмаараа явж, анхан шатнаас нь эхлэн карьер хийж байгаа хүмүүсийн боломж хаагдчихаад байгаа юм. Үүнээс үүдэн шударга ажиллах, карьерийнхаа төлөө зүтгэх зүтгэл үгүй болчихоод байгаа юм. Мерит зарчмаар бол үнэнч шударгаар карьер өсгөх байдлаар дэвшдэг. Туслах түшмэлээр ажил эхэлнэ, таван жил шударга, сайн ажиллах юм бол түшмэл болно, дараа нь ахлах түшмэл, тэгээд хэлтсийн дарга гэх байдлаар дэвших бөгөөд энэ хэрээр цалин, урамшуулал хамтдаа нэмэгддэг тогтолцоо юм. Энэ тогтолцоо Монгол бий, цоо шинэ зүйл биш. Гол нь бид хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
 
-Та Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн чухал ач холбогдолтой төдийгүй хууль тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэгвэл Ажлын хэсгийн явц ямар байна вэ?
 
-Ажлын хэсгийн гишүүд ажлын бус цагаар буюу бямба гаригт хуралдаж, үг өгүүлбэрээ эцэслэнэ.  Даваа гаригт намын бүлгүүдэд танилцуулна, тэгээд хуулийн төслийг өргөн барих эсэхийг шийднэ. Тогтолцооны хувьд холимог уу, мажоритар уу, пропорциональ  уу гэдгээр улс төрийн шийдвэр гарна. Процессийн шинжтэй асуудлыг Ажлын хэсэг шийдэх ёстой. Үе үеийн Сонгуулийн хуульд оролцож байсан практикаас харахад тийм хурдан батлагддаггүй л дээ. Ихэнхдээ улс төрийн тохиролцооны асуудлууд байдаг учраас хуулийн хугацаандаа тулгаж батлагддаг. Харин наана нь Ажлын хэсгийн гол үүрэг бол сонгуулийн хугацаа ямар байх вэ, сонгуулийг маргаангүй, шударга явуулахад шаардлагатай заалтуудыг яаж хийх вэ, Сонгуулийн хороотой холбоотой асуудал болон сонгуультай холбоотой маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр зохицуулалтын нарийн асуудлуудыг шийдэх гэж хичээж байна.
 
-Гол өөрчлөлт, шинэчлэл нь юу байх вэ?
 
-Тогтолцооны тал дээр улс төрийн шийдвэр гарна гэдгийг хэлсэн. Одоогийн байдлаар уг асуудал дээр улс төрийн намууд хоёр байр суурьт хуваагдсан байдалтай байна. Сонгуулийн хугацааг богинсгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах, эсэх асуудал байна. Орон нутгийн сонгууль болон УИХ-ын сонгууль нь тусдаа, зохион байгуулалтыг өөр байгууллагууд хийдэг. Тиймээс тусдаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Орон нутагт  пропорциональ тогтолцоо нь тохиромжгүй, хэтэрхий улс төржиж байдаг учраас аль ч тохиолдолд мажоритар маягийн хувилбар давуу байх нь зүйтэй гэдгээр томьёологдон, Ажлын хэсэг дээр яригдаж байна. Мөн сонгуулийн дүнг автомат тооллогоор тоолох ч давхар гар тооллого явуулах боломжтой байлгахаар ярьж байна. Учир нь санал тоолдог төхөөрөмжид олон нийт, улс төрчид ч итгэдэггүй. Тиймээс санал тооллогын дүнг баталгаажуулах хувилбар байх нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн Сонгуулийн хороодод төрийн албан хаагчид байх уу, эсвэл намуудын төлөөллийг тэгш байдлаар ажиллах уу гэдгийг ярилцаж байна. Үндсэн зарчим, тодорхойлолт бүхий сонгуулийн нэгдсэн хуультай болох нь зөв гэж үзээд хуулийн төслөө боловсруулж байна.
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс