sonin.mn
 
“Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюу толгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тооцоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюу толгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.
 
Оюу толгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхтголд өртөж ажилгүй болно гэсэн айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ. 
 
Тооцоогоо бүр ахиулъя. Оюу толгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн  53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодны ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныг  онцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаанд  зарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладаг  ажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас  60 орчим сая ам.доллар төсвөөсцалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна. 
 
Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаас  болж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жил тэрбум ам.доллар зарна гэхээр  жил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна. 
Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийн  ханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюу толгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.
Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.
 
 
Оюу толгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар  “Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгч  байна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюу толгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн.Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт. 
Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалт хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Монгол улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна. 
 
 
Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь “Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондын  өрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл “Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна. 
 
 
Ц.Баасансүрэн
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"