sonin.mn
 
 
“Соён гэгээрлийн цуврал” булангийн  энэ удаагийн зочноор МУИС-ийн багш, доктор Ч.Сономдагвыг  урилаа. 
 
-Засгийн газар эдийн засгийг хэмнэх хүрээнд ШУА-ийн харъяа  хүрээлэнгүүдийг  нэгтгэсэн ч Геоэкологийн хүрээлэнгийн ажилтнууд Түр хороо байгуулан эсэргүүцээд өдий хүрчээ. Таныг тэнд  томилогдож ажилласан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж дуулсан. Тэнд ер нь ямар асуудал үүсээд байгаа юм бол?
 
-Монгол Улсын Засгийн газрын 27 дугаар тогтоол  өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гарч, эрдэм шинжилгээний  40 орчим хүрээлэнг  20 гаруй болгон  бүтцийн өөрчлөлт хийж  орон тооны дээд хязгаарыг нь тогтоон  баталсан.
 
Энэ хүрээнд Газарзүй-геоэкологийн хүрээлэн 158 хүний орон тоотойгоор батлагдсан. Ингэхдээ  Газар зүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн Гео-имформатикийн лаборатори зэрэг гурван байгууллагыг нэгтгэсэн юм. Өмнөх бүтцийн хүрээнд  нь аваад үзвэл, 170 орчим хүнтэй байсан. Үүнээс бүтцийн өөрчлөлтөд 10 гаруй хүн орж байгаа юм. Түүнээс  хэн нэгэн сайн дураараа  хүмүүсийг ажлаас нь халах гэж байгаа юм биш. Хүрээлэнгүүдийн захирлыг  ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаас тушаал гаргаж  томилдог. Тэр дагуу захирлын үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. Дараа нь сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн юм билээ. Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тушаал бол өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр гарч, миний бие Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тушаал гарсан өдрөөс эхлээд хуучин Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар, Газарзүйн хүрээлэнгийн захирал А.Энх-Амгалан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний хувьд томилогдож очоод хийх ёстой байсан эхний ажлын нэг нь шинээр байгуулагдаж байгаа хүрээлэнгийнхээ улсын бүртгэлийн гэрчилгээг хийлгэх, дараа нь тамга тэмдэгээ авах байсан.  Хуучин тамга, гэрчилгээ нэгэнт хүчингүй болсон. Ингэж байж тушаал шийдвэр гаргаж, ажлаа эхлүүлэх ёстой. Харин энэ ажлыг гацаах гэсэн ажиллагаа өрнөсөн. Шинээр томилогдон ирж байгаа захирлын үүрэг гүйцэтгэгчийг эсэргүүцэх түр хороо гэгч нь хоёр хүрээлэн дээр  байгуулагдсан. Шалтгаан нь гадны хүн байна гэх асуудал. Би МУИС-ийн багшаар ажиллаж байсан учраас гадны хүн болж таарч байгаа юм. Түүнээс гадна намайг шалгуулах хэд хэдэн заалт бүхий шаардлага тавьсан. Тэр дотор намайг удирдах ажил хийж байгаагүй, туршлагагүй гэх юм уу, эсвэл ШУА-ийг тараан бутаргах сонирхолтой гэхчлэн бичсэн байна лээ. Гэхдээ тэр дагуу нь ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас  тухайн  хүнийг буюу намайг  шалгах ажлын хэсгийг гаргаж шалгуулсан. Энэ мэтээр олон асуудал өрнөсөн. Сүүлдээ би өөрийн хүсэлтээр ажлаасаа татгалзаж захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг  хүлээлгэн өгсөн ч Түр хорооныхон одоо хүртэл миний нэрийг элдэв асуудалд хутган ярьж, бичиж байгааг нь ойлгохгүй байгаа.
 
-Олон зүйл, заалт бүхий шалгуулах шаардлага тавьсан гэлээ. ШУА-аас гаргасан ажлын хэсэг таныг шалгаад ямар дүгнэлт гаргасан бэ. Шалгалтад бүдрээгүй л юм бол та яагаад нэгэнт томилогдсон  ажлаасаа татгалзсан  юм бэ?
 
-Би тэр дүгнэлтийг нь үзүүлье /хүснэгт бүхий дүгнэлтийг харуулав/. Болж өгвөл та сонин дээрээ нийтэлчихвэл зүгээр байх шүү. Энд таны асуугаад байгаа, тэр хүмүүсийн намайг шалгуулахыг хүссэн,  тэр дагуу нь  шалгасан  бүх дүгнэлт байгаа. Тухайлбал, намайг эрдэм шинжилгээний томоохон хүрээлэн удирдах тушлагагүй. Газар зүй, Геоэкологийн салбарын чиглэлээр төсөл, сэдэв удирдаж, тайлан өгч байгаагүй. Шинэ хүрээлэнгийн 10 гаруй сэдэв, төслийг зохицуулж, удирдлагаар хангах, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх чадамжгүй  тул шалгаж өгнө үү гэсэн байна лээ. Би 2002 оноос хойш мэргэжлээрээ буюу МУИС-ийн Геоэкологи орчин судлалын тэнхимд багш, Хүрээлэн буй орчин судлал,химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессороор ажиллаж ирсэн. Шинжлэх ухааны салбарын залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Залуу эрдэмтдийн холбоог 2010-2014 онд удирдаж байсан. ШУТС-ийн санхүүжилттэй “Улаанбаатар хотын шуугианы түвшин, тархалтын судалгаа” докторын дараах инновацийн Грантыг 2011-2014 онд, “Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн судалгаа” сэдэвт гэрээт ажлыг  удирдан хэрэгжүүлсэн. МУИС-ийн “Гэр хорооллын бүсийн амьдрах орчны үнэлгээ” сэдэвт төслийг 2015-2016 онд хэрэгжүүлэх удирдагчаар ажиллаж байгаа. Түүнчлэн намайг газарзүйн суурь шинжлэх ухааны боловсролгүй, гадаад хэлний мэдлэггүй, ёс зүйгүй гэхчлэн олон асуудлаар шалгуулсан.  Энэ бүхнийг  ажлын хэсэг  тус бүрээр нь шалгаж баримтжуулсан байгаа. Надад нууж хаах зүйл байхгүй. Тэдний хэлсэн шиг боловсролгүй, ажлын чадамжгүй байсан бол эрдэм шинжилгээний хүрээлэнд байтугай Үндэсний том их сургуульд багшлах эрхгүй гэсэн үг биз дээ. Тэгэхээр хүмүүс  хэн юу яриад байна, ямар эрх ашиг яваад байна гэдэгт  хар, цагааныг нь дэнсэлж  ойлгох байх гэж бодож байна.
 
-Ажлын хэсгийн дүгнэлтээр бол тэдний хэлээд, шүүмжлээд байгаа зүйл, заалтууд учир дутагдалтай. Нотлогдохгүй байхаас гадна харин ч баримтаар няцаагдаж байна гэдгийг дүгнэсэн байна. ШУА нь шалгаад дүгнэлтээ хүргүүлж байхад ч танд итгэхгүй байсан нь ямар учиртай юм бол?
 
-Дотроосоо, өөрийн хүнээ тавина гээд  зүтгээд байгаа юм. Жишээ нь, Газарзүйн хүрээлэн Я.Жамбалжав гэдэг хүний нэрийг дотроосоо дэвшүүлсэн. Геоэкологийн хүрээлэн  болохоор хуучин захирал Ж.Цогтбаатарыг томильё гэсэн санал гаргасан. Гэсэн хэдий ч би нэгэнт томилогдож очсоных ажлаа үргэлжүүлнэ, энэ бол тэр хүмүүсийн бодол гэсэн байр суурьтай байсан. Гэтэл  хүрээлэнгийнхэн эсэргүүцэж, хүрээлэнгийн ажил гацаж, цаашид хүмүүс цалин хөлсөө авахгүй байх асуудал үүсч, тамга тэмдэг, гэрчилгээгүйгээс бүх зүйл зогсоход хүрсэн. Ийм учраас би ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт хүсэлт тавьж, албан ёсоор нэрээ татсан. Яагаад нэрээ татав гэвэл, нэгдүгээрт би албан тушаалын төлөө улайран зүтгэж, захирал болохын төлөө яваа хүн биш, хүрээлэнгийн үйл ажиллагааг  гацахад хүргэж байна ийм учраас гацаанаас гаргах л сонголт хийсэн нь энэ. Уг нь бол  ШУА-аас итгэл хүлээлгэж, хариуцлага даалгаж томилсон учраас, нөгөөтэйгүүр  нэгэнт эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд салбарын онцлогоо харуулж, зөвөөр ашиглан ажиллаад үзье, юу хийж чаддагаа харуулья гэсэн бодолтой очсон.
 
-Гэхдээ хийе, бүтээе гэж бодож, төлөвлөсөн зүйлүүд  бол  байсан биз дээ?
 
-Мэдээж байлгүй яахав. Жишээ нь, энэ салбарт олон  жил ажилласаных, ялангуяа сүүлийн дөрвөн жил Монголын залуу эрдэмтдийн холбоог удирдаж ажиллалаа. Тус  хүрээлэнд дэвшилттэй юу хийж болох вэ, инновацийн чиглэлээр ямар ажил хийж болох вэ гэхчлэн олон зүйлийг харж байсан учраас ажиллах сонирхол байсан. Гэвч, тэнд үүссэн нөхцөл байдлаас хэн нэгэн нь буулт хийж гарахгүй бол өөр хувилбар байгаагүй. Хоёр хүрээлэн өөр, өөрсдийн хүнийг тавихын төлөө юу ч хийхээс буцахгүй байдалд орсон. Дээр нь намайг цахим хуудсууд, фейсбүүкээр янз бүрээр гүтгэх, доромжлох хандлага ихээхэн ирсэн. Ийм төвөгтэй, хэрүүл уруултай  байдал руу орохоос  эрдэмтэн хүний хувьд, багш хүний хувьд ёс зүйн үүднээс цааргалсан тал бий. Цаашилбал, хүрээлэнгийн ажил гацаж зогсонги байдалд орохоор байсан. Ийм шалтгаанаар  би  захирлын үүрэг гүйцэтгэгчээс албан ёсоор нэрээ татсан юм. Энэ шалтгаанаа хэлж, өөрийн тайлбарыг хүрээлэнгийн хамт олонд ч  уншиж сонордуулсан. Түүнээс биш тэнд байгаа хэсэг хүн, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон хүмүүсээс айсандаа, тэднийг өөгшүүлсэндээ тийм шийдвэр гаргасан юм биш. Хамгийн гол нь хүрээлэнгийн ажил цааш хэвийн үргэлжлээсэй гэж бодсон. Энэ үйлдлээр миний шинжлэх ухааны  төлөө, энэ салбарт хийх ажил,  цаашдын үйл хэрэг  бас зогсчихож байгаа юм биш.
 
-Ингэхэд та хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан  хугацаандаа  юу хийж амжуулав?
 
-Миний хүсэлтийг үндэслэн өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь Я.Жамбалжавыг томилсон тушаал гарсан. Түүний хувьд би түрүүнд хэлсэн, Газарзүйн хүрээлэнгийн түр хорооноос нэрийг нь дэвшүүлсэн, тэр дагуу томилогдсон. Энэ  хооронд үнэнийг хэлэхэд, би олигтой юм хийж, ажиллаж чадаагүй. Яагаад гэвэл, тамга, гэрчилгээ байхгүй. Хийсэн ажил гэвэл, шинэ тамга, гэрчилгээ авахад  шаардлагатай материалуудыг  холбогдох хуулийн этгээдэд нь  бүрдүүлж өгсөн. Түүний үндсэнд хүрээлэнгийн шинэ гэрчилгээ гарсан. Шинэ гэрчилгээ гарсан ч тамгыг нь шинээр авах боломж байгаагүй. Шинээр тамга авахын тулд зайлшгүй хуучин хоёр тамгыг цагдаагийн газарт хураалгаж, тэр тухай албан бичиг гарсны дараа тамга, тэмдэгийн үйлдвэрт хандах ёстой. Тийм учраас тамга авч чадаагүй. Ингээд гуравдугаар сарын  18-ны өдөр миний чөлөөлөгдөх тушаал гарч, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхдөө гэрчилгээг нь гардуулаад, тамга авах үйл явцад нь тусалсан. Өөрөөр хэлбэл, маргааш нь буюу гуравдугаар сарын 19-нд тамгаа очиж авахад нь би хамт явсан учир баримтыг нь хадгалж үлдсэн. Энэ бол Ч.Сономдагва гэдэг хүн  тус хүрээлэнд очоод тамга бариагүй гэдгийг  нотолж байгаа баримт  юм. Тиймээс намайг тушаал, шийдвэр гаргаж, ажилтнуудыг халж, солиод байсан гэж ярьж, бичиж байгаа хүмүүсийн эсрэг  гомдол гаргаж, баримтуудыг шүүхэд  өгөхөөр бэлдсэн. Би хуучин тамгыг нь ч, шинэ тамгыг ч бариагүй. Тамгагүй, албан баланкгүй, гэрчилгээгээ дөнгөж аваад ажлаа хүлээлгэж өгсөн хүн тэнд ямар ч тушаал шийдвэр гаргах боломжгүй. Үүнийг хүрээлэнгийн хамт олон ч мэдэж байгаа. Жишээ нь, хоёрдугаар сарын 11-нд тушаал нь гарчихаад байхад хуучин захирал асан Ж.Цогтбаатар нь ажлаа хүлээлгэж өгөлгүй, тамгаа аваад ерөнхийдөө зугтаад алга болсон. Саяхныг хүртэл өгөөгүй, тэр байтугай өрөөгөө ч суллаж өгөөгүй гэж дуулдаж байсан. Баталгаатай мэдээлэл авъя гэвэл та өөрөө очоод сурвалжлах хэрэгтэй байх.
 
-“Монголын залуу эрдэмтдийн холбоо” гэж ямар үүрэг, зорилготой  байгууллага  вэ. Энэ холбооныхноор Геоэкологийн хүрээлэнг дүүргэх гээд байна гэсэн мэдээлэл дуулдаж байгаа?
 
-Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, ШУА зэрэг олон байгууллагад ажиллаж, судалгаа шинжилгээ хийж яваа залуу судлаач, эрдэмтдийг нэгтгэсэн ТББ. Энэ байгууллагад би 2004 оноос гишүүнээр, 2010 оноос холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад  2014 онд  өөрийн хүсэлтээр ажлаа  хүлээлгэж өгсөн. Одоо холбоондоо Хүндэт ерөнхийлөгч  гэсэн гишүүнчлэлтэй байгаа. Ингэхдээ би  зарим хүний яриад байгаа шиг шинэ хүрээлэнд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож очоод өөрийн хүмүүсийг тийш нь оруулахаар бужигнуулаагүй. Тэнд тийм зүйл болоогүй. Манай холбоо ажилгүй хүмүүс байдаг газар биш. Бүгд тус тусын ажилтай, судалгаа шинжилгээ хийгээд завгүй явдаг. Яагаад намайг тэгж хэлэх болсон шалтгаан нь нэг хүнтэй, тодруубал  Саулегүль гэдэг хүнтэй холбоотой юм шиг байна лээ.  Сүүлд захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээж авсан доктор Я.Жамбалжав хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн  даргаар доктор А.Саулегүлийг томилсон байдаг. Тэр нь Монголын залуу эрдэмтдийн холбооны нарийн бичгийн дарга юм. Гэхдээ тэр эрдэмтэн Геоэкологийн хүрээлэнд 10 жил ажилласан, ХБНГУ-д доктор хамгаалаад ирсэн, одоо ч тэнд ажиллаж байгаа, бүр ҮЭХ-ных нь дарга  ийм л хүн шүү дээ. Гэтэл хүрээлэнгийнхэн нь “Энэ бол гадны хүн” гэхчлэн хэлээд эхэлсэн. Харин ч тэр хүнд энэ мэтчилэн маш их дарамт байгаа. ШУА-ийн фейсбүүк рүү орвол энэ бүх мэдээлэл бий. Доктор А.Саулегүль ч өөрийнхөө мэдээллийг тавьсан байна лээ. Яагаад дарамт байна, тэнд ямар байна гэдэг нь тэндээс бүгд харагдана. Би ч гэсэн яагаад нэрээ татсан, тэнд байдал ямар байгаа, тэр хүмүүс юу ярьж байна гээд бүх мэдээллийг оруулсан. Энэ мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцах юм бол илүү  олон зүйл ойлгогдоно. Тухайлбал, Геоэкологийн хүрээлэнгийн Түр хороог удирдаж байгаа Батсайхан гэдэг залуу манай Монголын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх албанд байдаг, манай Газарзүй-Геоэкологийн салбарын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ер нь бол манай холбооны залуус бүх их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажил, алба хашаад байж байгаа. Хэрэв хардах юм бол эсэргүүцээд байгаа Түр хорооных нь дарга хүртэл манай холбооны гүйцэтгэх захирал хийгээд явж байна шүү дээ. Тэгэхээр яагаад өөрийгөө хардахгүй байгаа юм бэ гэх мэтчилэн асуултууд гарч ирнэ. Хүрээлэнгийн залуучуудыг аваад үзсэн ч манай холбооны гишүүд маш олон бий. Гэтэл холбооны нэр хүндэд хүртэл  халдаж  байгаад нь үнэхээр харамсч байна. Тийм учраас холбооны зүгээс хүрээлэнд сануулга албан бичиг өгсөн. Түүнчлэн хэвлэлээр томилгоо нэртэй бужигнааны ард  хүрээлэнгийн газрыг авах гэсэн сонирхол, зорилго явж байна гэсэн хардлага дэвшүүлсэн байна лээ. Гэтэл тэнд тийм асуудал огт байхгүй. Цэвэр шинжлэх ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, хэмнэлтийн горимд шилжих ажил явж байгаа. Түүнийг нь харин бужигнуулах гэсэн оролдлого, улстөржүүлсэн хардлага, ажил албан тушаалтайгаа зууралдсан хүмүүсийн явуулга явж байгаад харамсч байна.
 
-Газарзүй-Геоэкологи болон информатикийн хүрээлэнг нэгтгэснээр Засгийн газрын баримталж байгаа бодлого, энэ салбарын  болоод Монголын шинжлэх ухааны  хөгжилд  ямар ахиц дэвшил авчрах вэ?
 
-Ер нь шинжлэх ухааны байгууллага, их дээд сургууль, хүрээлэнгүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулж, ижил давхардсан чиглэлээр ажиллаж байгаа зүйл маш их бий. Өнгөрсөн жилээс  их, дээд сургууль дээр өөрчлөлт хийгдсэн. Давхардлуудыг арилгасан. Гэхдээ энэ бүтцийн өөрчлөлтөөр алдаатай хийгдэж буй зүйлүүд ч бий, их сургуулийн багшийн хувьд, эрдэмтэн  судлаачийн хувьд  хэлэхэд. Яг үүнтэй адилаар хүрээлэнгүүд дээр ч асуудлууд байгаа. Жишээ нь, хүрээлэн буй орчин, экологийн судалгаанд  маш үнэтэй багаж төхөөрөмж ашигладаг судалгаанууд байдаг. Гэтэл хэд хэдэн газар ижил төхөөрөмжтэй, зарим газар тэр нь бүрэн, өөрөөр хэлбэл цогц судалгаа хийх хэмжээнд хүрэхгүй байгаа тохиолдлууд ч байна. Тэгэхээр тэдгээрийг нэгтгэх байдлаар үйл ажиллагаа явуулбал ашигтай байх тал бий. Мэдээж бүх хүрээлэнг ч юм уу, эрдэм шинжилгээний байгууллагыг нэгтгээд сайн судалгаа явуулж чадна гэвэл учир дутагдалтай юм ч байна. Сайн судалгаа хэрэгтэй. Өнөөдрийн төвшинд хүрээлэнгүүдээ нэгтгэж, орон тоогоо хумьж байж ажиллана гэсэн дүр зураг гаргаад явж байгаа шүү дээ. Ийм л байгаа. Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хувьд ихэнх үйл ажиллагаа давхцалтай биш гэж миний хувьд харж байгаа. Давхцаж буй цөөн зүйл бол бий. Тухайлбал, Информатикийн хүрээлэнгээс ирж байгаа геоинформатикийн лаборатори байна. Газарзүйн хүрээлэнд байгаа газарзүйн мэдээллийн системийн лаборатори байна. Эд ерөнхийдөө үйл ажиллагааны хувьд 60-70 хувь нь ойролцоо. Тэгэхээр хамтраад нэг лаборатори болж ажиллахад асуудал байхгүй, харин ч оновчтой байх боломжтой. Газарзүйн хүрээлэнд байгаа хөрс судлалын лаборатори Геоэкологийн хүрээлэнд ч бас тийм жижиг лаборатори байна. Энэ хоёрыг нэгтгээд ажиллах боломжтой. Энэ мэт цөөн тооны давхцал бий, ерөнхий чиг үүрэг, хэтийн зорилго бол нэг юм. Тиймээс нэгдээд ажиллахад асуудал байхгүй. Нэгдэж ажиллаж байж аливаа зүйл хүчтэй байдаг. Монголд эрдэмтэн, судлаач цөөн. Тухайлбал ШУА-ийн хүрээлэнгүүд, яамны харъяа хүрээлэнгүүдэд байгаа эрдэмтэд, Үндэсний хэмжээний томоохон Их дээд сургуулийн багш нар  байна. Эдгээрийг нийтэд нь тооцвол 5000 гаруй эрдэмтэн байдаг бол бүтэн цагаар ажилладаг нь 1500 орчим юм. Энэ хангалттай тоо биш. Тэгвэл тэр цөөхөн эрдэмтэн нь тус тусдаа ажиллаж, лаборатори байгуулаад байвал учир дутагдалтай. Түүнээс гадна нэр бүхий хоёр хүрээлэн дээр байгаа эрдэмтдийг аваад үзвэл, яг нарийндаа хэрэглээний чиглэлийн, магадгүй бизнес рүү чиглэсэн ажилдаа анхаардаг байх жишээтэй. Үүнийг яаж оновчтой болгох вэ, магадгүй энэ нь өнөөгийн нөхцөлд давуу тал байх боломжтой, үүнийг яаж ашиглах вэ, нөгөө төрөөс хүсээд байгаа өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломж байгаа ч юм билүү гэдгээс эхлээд бодох, хийх зүйл их бий.
 
Ч. Зотол
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин