sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.04.30.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
 
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж.
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлжээ. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 6-8 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, манай Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувьтай байна. Харин хөрөнгийн эх үүсвэрийн зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм гэдгийг дурдав.
 
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Тус байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлахыг дэмжсэн юм.
 
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, С.Бямбацогт, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэлэв. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд энэ нь нөхцөл сайтай, нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төсөл учраас дэмжиж буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн цаашид зээл тусламжийн нөхцөлийг сайн харж, хүү багатай, хөгжлийн зээл авахад анхаарах, зээлийн удирдлагыг сайжруулж зөв менежментэд оруулах хэрэгтэйг анхааруулж байлаа.
 
Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслийн тухайд энэ онд гадаад зээлийн ямар нэг асуудал байхгүй, зураг төсөв зэрэг тодорхой зардлыг нийслэлийн төсвөөс гаргана. Төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас гаргах 57 сая ам.долларын хөрөнгийг нийслэл хариуцах юм гэдгийг тодотгов. Ер нь аль болох хөгжлийн чиглэлтэй хөнгөлөлттэй зээл авах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд Засгийн газар анхаарч, олон улсын банк санхүүгийн зарим байгууллагад хүсэлтээ гаргаад байгаа. Засгийн газар 2016-2018 оны дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Өрийг хэрхэн төлж барагдуулах схемийг Засгийн газрын тогтоолоор батлахаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.
 
Харин нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр энэ төсөл хэрэгжсэнээр хотын замын түгжрэл 30-40 хувиар багасч, нийтийн тээврийн сүлжилдэх хөдөлгөөний эрчим 60, зорчигч урсгал 25-30 хувиар нэмэгдэж, нийтийн тээврийн автобусны хурд 15-20 км/цаг болно гэсэн тооцоо гарсан. Төслийн хугацаанд нийтдээ 151 автобус авна, энэ ажлыг олон улсын нээлттэй тендерийн аргаар шалгаруулах юм гэсэн хариулт өгөв. Мөн нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нэмэлт тодруулга өгсөн юм.
 
Ингээд байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувь нь дэмжсэнээр санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.