sonin.mn
 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.04.28/ хуралдаан 9 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулав.
 
Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн баталсан. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ын хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болжээ. Иймээс дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Цог, Н.Батцэрэг нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
 
Дараа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газраас жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг асуудлыг дараа жилийн үндсэн чиглэлээс өмнө хэлэлцсэн байх хуулийн зохицуулалттай. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын зарим гишүүд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлаг, газрын дарга нар оролцсон юм.
 
 
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2014 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлгээр нь авч үзвэл “Ажилтай орлоготой монгол хүн”-51.5, “Эрүүл чийрэг монгол хүн”-42.4, “Эрдэм боловсролтой монгол хүн”-48.3, “Аюулгүй орчинтой монгол хүн”-39.6, “Эрх чөлөөтэй монгол хүн”-47.0 хувийн биелэлттэй байна. Харин бусад үндсэн зорилтын талаарх бодлогын хэрэгжилт 34.4-48.3 хувьтай байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого 68.0, харин нийгмийн хамгааллын бодлого 58.0 хувийн хэрэгжилттэй байгааг дурдав.
 
 
Засгийн газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эхний шатны ажлуудыг хийсэн. Түүнчлэн авто зам барих, иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг сайд онцлоод Засгийн газар бүрэн эрхийн үлдсэн хугацаанд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг бодитой хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг сайд хэллээ.
 
 
Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Г.Уянга, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, А.Бакей нарын асуултад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар үг хэлсэн юм.
 
Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид Засгийн газрын залгамж чанарыг хадгалж хэрэгжилт нь хангалтгүй байгаа бодлого, зорилтуудын шалтгааныг судалж тэдгээрийг үлдсэн хугацаанд гүйцэд хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай, байнгын хороо ч энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Иймээс энэ асуудлыг нээлттэй үлдээж, уг асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлд гишүүдийн саналыг авч тусган тогтоолын төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн хуралдаанаараа дахин хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.