sonin.mn
 
 
Төрийн албан хаагчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын халаа сэлгээ даамжирч байгааг шүүмжлэн, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж цэгцлэхийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан мэдэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн гурван жилийн хугацаанд 45 мянган төрийн албан хаагчийг улс төр, намын харьяаллаар нь сэлгэжээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа л гэхэд төр захиргаа, яам, тамгын газрын 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байжээ. Үүний дараа 2012 онд 15 мянга, 2013 онд 18 мянга, 2014 онд 21 мянган төрийн албан хаагчаар нэмэгдсэн байгаа юм. Энэ байдал өдгөө үргэлжилсээр байгаа гэдгийг Төрийн албан хаагчийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Эрдэнэсайхан онцлов.
 
2012-2014 онд 18 мянган албан хаагч өөрийн хүсэлтээр, 16 мянган албан хаагч өөр ажилд шилжсэн гэх шалтгаанаар төрийн албанаас гарсан байна. Гэтэл энэ хугацаанд 30 орчим мянган хүнээр төрийн албан хаагчийн тоо өсчээ. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зүгээс 2012 оноос хойш хууль бусаар халагдсан 20-30 мянган хүний асуудалд дүгнэлт хийж, Монгол төрийн дархлаа, залгамж чанар, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хандаж шийдвэрлэх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг