sonin.mn
 
 
Өчигдөр нэгэн мэдэгдэл уншлаа. Хууль зүйн яамнаас гаргажээ. Мэдэгдэлд “2015 оны гуравдугаар сарын 2-ны өдөр гарсан Олон улсын арбитрын шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, “Хан Ресурс” компанийн хооронд 2015 оны дөрөвдүгээр  сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийлээ. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзэж байсан боловч “Хан Ресурс” компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачлагаар 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд цуцалсан болно. Энэ үйлдэл нь “Хан Ресурс” болон тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй үр дүнг бий болголоо. Арбитрын шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй байгаа боловч нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул Монгол Улсын Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэжээ.
 
Шууд утгаараа арбитрын шийдсэн “Хан ресурс”-д өгөх 100 сая ам.доллараа төлөхгүй гэсэн байна. Энэ мэдэгдэл нэгэн явдлыг  сануулав. Хэдхэн сарын өмнө “Саусгоби сэндс”-ийн захирал, Америкийн иргэн Жастин Капла Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс таван жил хорих ял авсан. Түүнийг манай Ерөнхийлөгч уучилсан. Гэвч шоронгоос гарангуутаа “35 тэрбум төгрөг төлөх ёсгүй...” гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргачихаад нутаг руугаа ниссэн. Манайхан юу ч үгүй хоцорсон юм.
 
Үүнтэй төстэй мэдэгдлийг Хууль зүйн яам хийжээ. Харин арбитртай ингэж нэгийгээ үзэж болдог болов уу. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Дээрээс нь шийдвэр гарсан л бол биелүүлэх нь хууль гэж байгаа. Тиймээс Жастин Каплаг дуурайгаад гүрийх гэж оролдох нь хэр зэрэг оновчтой шийдэл юм бол?
 
Б. Дамдин
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин