sonin.mn
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Улаанбаатарын цахилгаан, дулааны хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
2015-2016 оны халаалтын улиралд хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах бэлтгэл ажлыг одооноос зохион байгуулан, эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикийн дагуу гүйцэтгүүлэх, халаалтын улирал эхлэхээс өмнө Амгалангийн дулааны станцыг ашиглалтад оруулах, дулааны цахилгаан станцыг 2015 оны 10 дугаар сарын 1-ний дотор 21-ээс доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байлгах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нүүрсээр найдвартай хангах зорилгоор Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлж, өргөтгөх техник, технологийн шийдэл болон дэд бүтцийн барилга байгууламжтай холбоотой ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт,  Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрднэс Монгол” ХХК-ийн захиралд үүрэг болголоо.
 
“ДЦС-5”-ын нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Багануур-Улаанбаатар, Шивээ-Овоо-Улаанбаатар чиглэлийн төмөр замын шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “ДЦС-5”-ын дэргэд шинээр өртөө байгуулах, нүүрс, үнс тээвэрлэх төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа. “ДЦС-5”-ын усан хэрэглээг Улаанбаатар хотын ус хангамжийн дээд эх үүсвэрээс хангах техникийн нөхцөл болон холбогдох зөвшөөрлийг олгох, ус хангамжтай холбогдсон дэд бүтцийг байгуулах, үнс хадгалах газрын асуудлыг шийдвэрлэх, цахилгаан, дулааны шугамын трасс дайран өнгөрөх зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд
даалгалаа.
 
Б. Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг