sonin.mn
 
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
 
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болно.
 
Прокурорын байгууллагын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг  УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог оновчтой болгох, УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ. Хуулийн төсөлд Прокурорын байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны зарчим, хариуцлага, тогтолцоо, нийгмийн үүрэг зэргийг Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийн хүрээнд шинээр томъёолсон байна. Үйл ажиллагааны зарчмын талаар хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих, хүний эрх, эрх чөлөөг хангах, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахаар тусгажээ.
 
 
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлнэ
 
  Уг төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлнэ. Ажилгүйдлийн түвшинг бууруулан 7 хувьд хүргэхээр төлөвлөж, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28,6, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4 хувиас багагүй байлгахаар Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.  
 
Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь Засгийн газар, орон нутгийн өр, Засгийн газрын гаргах өрийн баталгаа, тэдгээрийн дунд хугацаанд баримтлах бодлогын зорилтыг тодорхойлсны үндсэн дээр Засгийн газрын өр үүсгэх аливаа шийдвэрийг энэхүү баримт бичигт нийцүүлэх юм. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хамтран бэлтгэсэн аргачлалын дагуу боловсруулдаг ба макро эдийн засгийн дунд, урт хугацааны төсөөлөлд үндэслэн Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээг хийдэг. Энэ шинжилгээнд үндэслэн Засгийн газрын өрийн зорилтот багцын бүтэц, зорилтот өрийн шалгуур үзүүлэлтүүдийг  тогтоодог бөгөөд үүгээр ирээдүйн зээллэгийн үйл ажиллагааг чиглүүлдэг юм. Ингэснээр Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдэлийн түвшинд хангах бодлогын орчин бий болдог. Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагад үндэслэн Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
 
Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ
 
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.  2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 24-ийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
 
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна. Монголбанкнаас санхүүжилтийг Хөгжлийн банкаар гаргуулан, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох, эрсдэлийг аж ахуйн нэгжүүд корпорацийн зохион байгуулалтад  орж хариуцах чиглэл өгчээ.  
 
Товч мэдээ
 
-Тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
-2015 оны 5 дугаар сарын 18-21-нд Улаанбаатар хотод болох Азийн залуучуудын чуулганыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
-УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд  зарчмын хувьд дэмжиж, сайд нараас  ирүүлсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд,  сайд нараас  ирүүлсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
-Хаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж зохион байгуулах, ирэх жилийн тариалах талбайг уриншлах ажлыг чанартай гүйцэтгэх, хөрс хамгаалах, га-гийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулан Засгийн газарт оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.
-Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын өврөөс олдсон занданшуулсан шарилыг хамгаалах, сэргээн засварлах, орон нутагт нь буцаан байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад зориулж 164 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийнг сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
- Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  
 
Б. Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг