sonin.mn
 
Богд ууланд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн 5, 6 удаа гал түймэр гарчээ. Өнөөдөр л гэхэд ОБЕГ-ынхан болон Богд хан уулын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид Нүхтийн амны ойд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цаг агаар асар их хуурайшилттай байгаагаас хуурай өвсөнд ассан гал түймэр хурдан дэгдэж, хяналтаас гарч байгаа тухай түймрийн мэдээгээр анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүйгээс энд тэндгүй түймэр дүрэлзэж байна. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв "Манай  байгаль хамгаалагчид байнгын бэлэн байдалд, эргүүл, шалгалтыг 24 цагаар гаргаж ажиллаж байгаагийн ачаар холбогдох газар мэдээллийг хурдан хүргэж, 4, 5 галыг   газар авахуулахгүй унтраасан. Тухайлбал 9 хоногийн өмнө Зайсангийн Соёмботой ууланд хүүхдүүд, Бага тэнгэрийн амны наана Бөөгийн модонд бөө нар бөөлж байгаад гал алджээ. Өнгөрсөн бямба гаригт Бага тэнгэрийн амны задгай энгэрт арц уугиулж байсан хүмүүс гал алдсанаас гарсан галыг аялагчид, байгаль хамгаалагчид, барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийнхан хамтран унтрааж, хэргийн эзэн холбогдогчдыг хууль, цагдаагийнханд хүлээлгэж өгчээ. Мөн бямба гаригийн 18 цагийн үед Жаргалант, Нүхтийн амны хооронд байх Ташхайн аманд аялж явсан хүмүүс гал алдсанаас нийтдээ 30 орчим га газар, ой мод шатаж, өнөө хэр унтрааж чадахгүй цурманд оруулсан байдалтай байна. Гал тавьсан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна. Онцгой байдлын газрын удирдлага, БОНХАЖЯ-ны холбогдох газрынхан, албан хаагчид, байгаль хамгаалагчид хамтран уг гал түймэртэй тэмцэж байгаа ч хуурайшилт ихтэй нөхцөлд гал дахин дахин авалцаж, унтраахад ихээхэн бэрхшээлтэй байгаа" гэж ярив. Түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын гаргасан хамтарсан тушаалд хуурайшилтын улиралд ойн дагалт баялаг ашиглахыг ирэх 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглосон. Мөн Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас ирэх 6 дугаар сарын 15 хүртэл иргэдийг Богдхан ууланд аялж, зугаалахыг хориглосон захирамж гаргаснаа Ц.Ширэндэв дарга  мэдээлэв. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг