sonin.mn
 
 
Манай улсын хэвлэл мэдээллийн 81 жилийн түүхтэй ууган байгууллагын нэг Монголын үндэсний олон нийтийн радио /МҮОНР/өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр түүхийн хуудсандаа нэгэн шинэ үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тухайлбал, МҮОНР энэ онд бүтэц зохион байгуулалт, программын шинэчлэлийн хувьд томоохон өөрчлөлт хийж өдөр бүр 6 цагийн шууд нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлж эхэллээ. Энэхүү программын өөрчлөлт нь нэг, хоёрдугаар программын сүлжээнд иж бүрэн шинжилгээ хийж, нэр бүхий 117 нэвтрүүлэгт аттестачлал явуулсанд оршиж байна. Ингэснээр үзэл баримтлал, зорилтот бүлэг, давтамж, хүртээмжийн хувьд тодорхойгүй, судалгаанд нэр дурдагдаагүй 35 нэвтрүүлгийг сүлжээнээс хассан байна.
 
2015 оны төлөвлөгөөнд сүлжээний 40 хувийг шууд хөтөлбөр болгохоор тусгасан. Радио сэтгүүлзүйн хөгжлийн чиг хандлага нь зохиогчийн болон хөтлөгчийн радио болж байгаа юм. Иймд барууны сэтгүүлзүйн стандартыг нутагшуулах, том хэмжээний шууд хөтөлбөрүүд продюссортой ажиллана гэдгээрээ онцлогтой.
 
Өмнө нь радиогийн эфирийг техникч явуулдаг байсан бол одоо найруулагч, продюссорууд хамтран явуулах юм. Тухайлбал, даваа гарагт “Их үд” хөтөлбөр гэр бүлийн хөгжил, төлөвшил, хүүхдийн хүмүүжил, ёсзүй, нийгмийн асуудал, хүний хөгжил гэсэн өргөн хүрээнд хэлэлцүүлэг ярилцлагын хэлбэрээр бүтэн 6 цагийн багц хөтөлбөр явна.Мягмар гарагт “Залуус” хөтөлбөрөөр хүүхэд залуусын хөгжил, манлайлал, төлөвшил, нийгмийн идэвхтэй оролцоо гэсэн багц сэдэв байна. Лхагва гарагт “Их үд” хөтөлбөр, эрүүл мэнд, эрүүл хүн, амьдралын зөв хэвшил, нийгмийн асуудал, ажлын байр, ажилгүйдэл гэх мэтийг дурдах болно. Харин пүрэв гарагт “Залуус” хөтөлбөр хэл соёл, урлаг, танин мэдэхүй, шашин шүтлэг, нийтлэг үнэт зүйлсийн  талаар соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлээр бэлтгэх бол баасан гарагт “Их үд” хөтөлбөр улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инноваци гэсэн чиглэлээр нэвтрүүлгийг сонсогчдод хүргэх юм. Бямба гарагийн “Залуус” хөтөлбөр нь хүүхэд залуусын чөлөөт цаг, танин мэдэхүй, урлаг, утга зохиол, дуу хөгжим гэсэн чиглэлээр шууд хөтөлбөрүүд явуулж эхлээд байна.
 
Энэхүү өөрчлөлт бол МҮОНР өмнө нь хийж байгаагүй суурь өөрчлөлт болж буйгаараа онцгой юм. Үүнийг радиогийн хамт олон боловсруулахдаа бүтэн нэг сарын туршид бэлтгэл, судалгаа, туршилт явуулсны үр дүнд хийсэн бөгөөд уг хөтөлбөрийг өнөөдрөөс эхэлж сонсогчдын хүртээл болгож байгаа аж. Мэргэжлийн, чадварлаг, хөрвөх чадвартай, цомхон хүний нөөцөөр радио сутгүүлзүйн шинэ чиг хандлагыг тогтоож ажиллахыг зорьж байна. Нөгөө талаар Швед, Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зарчим, стандартыг нутагшуулах, шинэ туршлага бий болгох шаардлагын хүрээнд зорилт дэвшүүлээд байгаа юм. Өнөөдөр МҮОНР нь өмнөхөөс хүний нөөцөө 50 хувиар бууруулж 110 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг