sonin.mn
 
“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг тус компанийн ажилтан албан хаагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдэн дахин шинэ мэдээлэл хийлээ.
Ц.Батсайхан “Монгол шуудан” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа эдийн засгийн үзүүлэлтийг нэмж, шуудангийн үндсэн чиглэлийг нэмэгдүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, нэг ч хүн ажлаас чөлөөлөлгүй 60 хүн шинээр ажилд авсан байна. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын эрх ашгийг хамгаалах түр хороо байгуулан  хэд хэдэн удаа эсэргүүцлээ илэрхийлэн Чингисийн талбай болон Төрийн өмчийн хорооны байрны өмнө жагссан юм. Хууль бус шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж, 18 хоног болж байгаа ч одоо болтол ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.
 
“Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга Н.Ганболд “Бид ТӨХ-г толгойгүй ажиллаж байна гэж үзэж байна. Тодорхой шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. ТӨХ өөрөө албан ёсны даргагүй, түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаа ТӨХ-ны гишүүн Солонго гэдэг эмэгтэй ажиллаж байгаа. Энэ хүний гаргасан анхны шийдвэр гарын үсэггүй орж ирсэн учраас бид хууль бус гэж үзэж байгаа. Гэтэл өнгөрсөн Баасан гарагт манай захирал руу “Тамгаа өгөх хэрэгтэй байна. Өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна” гэж ярьсан. “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын хүсэл, сонирхлыг харгалзалгүй хууль бус шийдвэр гаргавал манай түр хороо үүний эсрэг арга хэмжээ авна” гэлээ.
 
Тэд ТӨХ-ын удирдлагуудтай хариуцлага тооцож, алдаатай шийдвэрийг нь цуцлахгүй бол шуудангийн ажилчид орон даяар ажил хаяж, өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг