sonin.mn
 
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ сарын 30 буюу пүрэв гаригт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Эрдэнэс-Тавантолгой ХК-иас эзэмшиж буй  1072 хувьцааны асуудлаар иргэдийнхээ саналыг сонсоно гэж мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь, ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2,1 сая иргэн, мөн дээр нь 553 аж ахуйн нэгж эзэмшдэг. Тавантолгойн орд нь социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийж, 6.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний 30 хувь нь хатуу нүүрс, 70 хувь коксжсон нүүрс гэдгийг тогтоосон. Энэхүү баялгийг газрын гүний 500-700 метрийн дороос буюу олборлолт явуулах хамгийн өртөг зардал багатай орд гэж тооцдог. Гэтэл ийм их хэмжээний баялгийг нэг тонныг нь 30 ам.доллараар Хятадын компанид өгөх гэж Засгийн газар зүтгэж байна. Гэтэл хөрөнгө оруулагч хамтарсан компани нь дампуурсан, 1.2 тэрбум ам.долларын өртэй гэдгийг олон улсад зарласан байгаа. Ийм л луйврын тогтолцоо Монголыг залгих нь. Дээр нь иргэдийн 1072 хувьцааг иргэдээс нь асуухгүй гэж байна. Засгийн газар “иргэдийн 1072 хувьцаа бол саналын эрхгүй хувьцаа” гэсэн шийдвэр гаргажээ. Энэ сарын 29-нд хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Энэ хуралд иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Иймд би жагсаал зохион байгуулж, иргэдийн индэр ажиллуулна. Засгийн газарт холбогдох шаардлыг хүргүүлнэ" хэмээн ярьсан юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг