sonin.mn

КАТМАНДУ. /NHK/. Өнгөрсөн бямба гарагт Балба болон хөрш зэргэлдээх улсуудад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2 500 хүн амь эрсэдсэн нь тогтоогдоод байна.

Балбын цагдаа нарын мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас олон айл орон гэргүй болж, түүхэн барилга байгууламжууд нуржээ.

Мөн газар хөдлөлтийн улмаас Энэтхэгт 67, Бангладешт хоёр хүн амь эрсэджээ.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, тус улсын Түвдийн автономит бүсэд энэ гамшгийн улмаас 20 хүн амиа алдсан байна.

Газар хөдлөх үед Эверест уулын баазад 1 000 орчим уулчин, тэдний дотор гадаадын 400 орчим иргэн байсан гэж Балбын Аялал жуулчлалын яам мэдэгдсэн юм.

Газар хөдлөлтийн улмаас үүссэн цасан нурангид амралтын баазууд дарагдсаны дараа 17 хүний цогцос олдсон гэж Балбын уулчдын холбоо мэдэгдлээ.

Катмандугаас холгүй орших олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна.

Гадаад улсууд, тэдгээрийн дотор онцгой байдлын үед тусламж үзүүлэх Хятад болон Энэтхэгийн багууд хоол хүнс болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнтэйгээр тус нисэх онгоцны буудалд газардаж эхэлжээ.

Катманду болон бусад газарт нурсан барилгуудын дор дарагдсан хүмүүсийг олохоор олон улсын аврагчид Балбын онцгой байдлын аврагчидтай хамран ажиллаж байна.

Пакистан, Япон, Турк, Сингапур, Малайз, АНУ, ОХУ, Их Британи, Франц болон Швейцарь улс Балба руу авран туслах багуудаа хэдийн илгээжээ.

Япон, АНУ, Өмнөд Солонгос болон Австрали мөнгө санхүүгийн тусламж үзүүлнэ гэж амласан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг