sonin.mn

КАТМАНДУ. /ВВС/. Балбад өнөөдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1 800 гаруй хүн амь эрсдэж, олон хүн нурангид дарагдлаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдэгдсэнээр, Балбын нийслэл Катманду хот болон Похара хотод 7.8 баллын хүчтэй газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн голомтод их хэмжээний хохирол учирсан гэж Балбын сайд хэллээ.

“Бидэнд их гай зовлон тохиолдлоо. Олон улсын байгууллагуудаас туслахыг хүсч байна” гэж Мэдээллийн сайд Минендра Рижал хэлэв.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 1 806 хүн амь эрсэдсэн байна. Тэдний олонх нь Катмандуд амь эрсэджээ.

Газар хөдлөлтийн улмаас үүссэн цасан нурангид Эверестийн амралтын бааз дарагджээ. Үүний улмаас 18 хүн амиа алдсан байна. Газар хөдлөлт болох үед тус уул орчимд 1 000 гаруй хүн, тэдний дотор гадаадын 400 иргэн байсан гэсэн мэдээлэл байна.

Газар хөдлөлтийн улмаас бусад улсад ч хүмүүс амь эрсэджээ.Тодруулбал, Энэтхэгт 44, Бангладешт хоёр, Хятадын Түвдийн автономит бүсэд 17 хүн амь эрсэджээ.

Аврах багийнхан дарагдсан хүн байж магадгүй гэж үзэн нурсан барилгуудын нурангийг зайлуулж байна.

Энэ байгалийн гамшгийн улмаас олон түүхэн барилга байшин мөн нуржээ.

Газар хөдлөлтийн дараа айж сандарсан хүмүүс гудамжинд гарч ирцгээжээ. Гар утасны сүлжээ болон бусад харилцаа холбоо тасарсан байна.

Дэлхийн дахинд болсон хүчтэй газар хөдлөлтүүд

    1960 онд Чилид 9.5 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас цунами болж 1 700 орчим хүн амь эрсэджээ
    1964 онд Аляскад 9.2 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 131 хүн амь эрсэджээ
    2004 онд Индонезид 9.1 баллын хүчтэй газар хөдлөн цунами үүссэний улмаас 10 гаруй улсын 230 гаруй мянган иргэн амь эрсэджээ
    2011 онд Японд 9.0 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 18 мянга гаруй хүн амь эрсэджээ.
    1952 онд Орост 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас эдийн засгийн их хэмжээний хохирол учирч байжээ. Аз болоход, нэг ч хүн амь эрсэдээгүй байна.

 

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ"