sonin.mn
 
БСШУ-ы сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар баталсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг энэ сарын 6-20-нд зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан 165 иргэн бүртгэлд хамарчээ. Тэдний 65 нь АНУ-ын Harvard, Stanford, UC Berkeley, California-гийн их сургууль зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтын эхний 20-д багтсан сургуульд тэнцэж урилга авчээ. Эдгээр оюутнууд өөрийн хүссэн мэргэжлээр суралцах бүрэн боломжтой юм.
 
БСШУ-ы сайдын тушаалаар "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах  ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Тус ажлын хэсэг удирдамжийн дагуу шалгуулагчийн баримт бичгийг үнэлж, дэлхийн шилдэг сургуулийн 1-20-д жагссан сургуульд тэнцсэн болон шилдэг сургуулийн 21-80-д жагссан сургуульд тэнцэж баримт бичгийн үнэлгээгээр 23-аас дээш оноо авсан 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.
 
Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн  гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна.
 
Дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сонгон шалгаруулалтад орсон иргэдийн сурлагын чанар  жилээс жилд өсч байна гэж албаныхан хэллээ. Тиймээс суралцах урилга авсан сургуулийн чансаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр төлөвлөжээ. УИХ-аас 2015 оны улсын төсөвт тодотгол хийн, гадаадад оюутан суралцуулах зардлыг нэмж баталсан тохиолдолд эдгээр иргэдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх аж.
 
 Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг