sonin.mn
 
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмж, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зэрэг асуудлыг салбарыг оновчтойгоор хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага бодлогын баримт бичигт тусгасан. Ажлын цар хүрээ томоохон бүтээн байгуулалтын төслийг салбарын бодлоготой уялдуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 3 үе шаттайгаар 6-8 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Ч.Улаан гарын үсэг зурснаар уг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулагджээ. Харин уг Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Олон улсын гэрээний тухай хуулийн 10.4 заалтын дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм.  
 
Энэхүү хуулийн төсөл батлагдснаар Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээвэрт шинэ үйлчилгээ, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, парк шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
Б. Туул
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг