sonin.mn
 
 
Тэтгэврийн бодлогод өөрчлөлт оруулахаар УИХ ажиллаж байна. Тогтоолын төсөлд, тэтгэвэрт гарах насыг 2017-2020 он хүртэл эрэгтэйчүүдийнх 62, эмэгтэйчүүдийнх 58, 2020 оноос хойш 65, 60 байхаар тусгасан. Энэ асуудал олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэнтэй холбоотойгоор 1999 онд хуульчилж бий болгосон нэрийн дансны эрэл сурал болж эхэллээ. 
Хүмүүс нэрийн данс гэдгийг ажиллаж байгаа байгууллагатайгаа хамтраад төлдөг нийгмийн даатгалын шимтгэл нь орж хуримтлагдан, бас ч үгүй хүү тооцогдон, өсч үржиж байдаг, яг л банкны хадгаламжийн данс шиг зүйл гэж ойлгодог. Ингэж ойлгохоос ч аргагүй. Учир нь энэ тухай “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуульд “Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960 оны нэг дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээнэ” гэж заасан. Банкны данс нээлгэдгээс хуулийн энэ заалт юугаараа өөр гэж? Тэгээд болоогүй, нэрийн дансны орлого нь 
-Нэрийн дансны эхний үлдэгдэл;
-Даатгуулагчийн төлсөн шимтгэл;
-Ажил олгогчийн төлсөн шимтгэл;
-Төрөөс төлсөн шимтгэл;
-Нэрийн дансны орлогод тооцсон хүү
Түрүүч нь 1-р нүүрт
 
гэсэн тов тодорхой эх үүсвэрүүдээс бүрдэж байхаар тогтоосон байгаа юм. Гэтэл энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Дашдондог, “Нэрийн данс гэдэг бол банкны данс шиг мөнгөн хуримтлал хийчихсэн, өөрийн чинь нэр дээр байгаа, захиран зарцуулах боломжтой мөнгөн хөрөнгө биш. Энэ бол тэтгэвэр бодох аргад хэрэглэдэг хийсвэр тооцооны, хийсвэрээр бүртгэсэн бүртгэлийн систем юм” гэлээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан үлдэгдэл, шимтгэл, хүү, орлого гэхчлэн мөнгөн хөрөнгийн нэр томъёогоор илэрхийлсэн зүйлс бүгд хийсвэр. Тэгэхээр 1999 оны хууль бол зүгээр л 1960 оны нэгдүгээр сарын 1, түүнээс хойш төрсөн иргэдийн тэтгэврийг тогтоох аргыг өөрчилсөн, мөн л хийсвэр зохицуулат болж таарах нь.
Энэ тухай цухас тайлбарлая. Одоо тэтгэвэр авч байгаа, 1960 оноос өмнө төрсөн хүмүүс шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийн цалингийн дундажаас 20 жил ажилласан бол 45 хувиар тэтгэврээ тогтоолгодог. Үүнийг цалинд суурилсан тогтолцоо гэж мэргэжлийн хүмүүс нэрлэдэг. Үүнийг 1999 оны хуулиар шимтгэлд суурилдаг тогтолцоо руу шилжүүлэх алхам хийсэн.
Хууль гарч байх үед 1960 онд төрсөн хүмүүс 39 настай байсан. Тэд бага, дунд, их, дээд сургууль төгсөөд ажиллажээ гэж тооцвол 17-18 жил ажиллачихсан байсан гэсэн үг. Тэд 1995 оноос өмнө шимтгэл төлдөггүй байсан. Байгууллага нь цалингийн сангаас шимтгэл төлдөг, тэр нь тэтгэврийн санд биш хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготойгоор МҮЭ-ийн Төв зөвлөлийн эрхэлдэг санд төвлөрдөг байсан. Ц.Дашдондог энэ талаар “Огт төлдөггүй байсан зүйлийг гарааны үлдэгдэл байдлаар хийсвэрээр тооцож гаргаж ирсэн” гэж тайлбарлаж өгсөн юм.
1995 оноос ажиллаж байгаа хүмүүс болон ажил олгож байгаа аж ахуйн нэгж байгууллагууд бодитой мөнгөн хөрөнгийг нийгмийн даатгалын санд тушааж байгаа. Тэдэнд хийсвэр “эхний үлдэгдэл” байхгүй. Үүнийг ч мөн Ц.Дашдондог “Хэдийгээр бодитой мөнгө боловч хийсвэрээр бүртгээд явна” гэлээ.
Нэрийн дансыг бүрдүүлэх орлогын төрлүүд доторх даатгуулагчийн болон ажил олгогчийн, мөн төрөөс төлсөн шимтгэлүүдийг уншигчид сайн мэднэ. Эдгээр шимтгэлүүд бодитой мөнгөн хөрөнгө. Бидний регистрийн дугаараар эрэмбэлэгдсэн нэрийн дансанд тоон дүнгээрээ бүртгэгдэж байдаг. Бүртгэл нь бодитой байга ч хөрөнгө нь өнөөдрийн ахмад настнуудын тэтгэвэрт зарцуулагдчихдаг болохоор бас л хийсвэр аж.
Түүнчлэн нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцох, хүүг тооцохдоо эхний үлдэгдэл, тухайн жилийн шимтгэлийн орлогын нийлбэрийг дундаж хөдөлмөрийн хөлсний сүүлийн З жилийн дундаж өсөлтийн хувиар үржүүлж гаргахаар хуульчилсан. Хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дундаж хөдөлмөрийн хөлсний өсөлтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтоож байх юм. “Хэдийгээр хүү тооцож байгаа аргачлал нь бодитой цалингийн өсөлтөөр тооцож байгаа боловч бас л хийсвэр дүн хийсвэр хүүгээр үржүүлж хийсвэр дүн л гаргаж байгаа юм” гэж Ц.Дашдорж тодотголоо. Ингэж хийсвэрээр бүртгэсэн дансны нийт орлогыг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хувааж үндсэн тэтгэврийн хэмжээг тооцож гаргах юм. 
1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл буюу тэтгэвэрт гарснаасаа хойш хүмүүсийн амьдрах хугацааны дундажийг мөн л Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтоож байхаар хуульд заасан байна. Тус зөвлөл өнгөрсөн 2014 оны аравдугаар сард энэ илэрхийллийг 22.5 жил байхаар тогтоогоод байгаа юм.
Дэлхий дахинд өнөөдөр тэтгэврийн даатгалын гурван тогтолцоо бий. Эв санааны нэгдлийн, хагас хуримтлалын, бүрэн хуримтлалын гэж. Хэдийгээр 20 шахам жилийн өмнө монголчууд “нэрийн данс”-тай болцгоосон хэдий ч тогтолцооны хувьд “эв сананы нэгдлийн” зарчимдаа хэвээр байсаар байгаа. Цалингийн хэмжээгээр тооцдог байсан аргачлалаа өөрчилж, бодит шимтгэл төлүүлэн, түүгээр тэтгэврийн сан бүрдүүлдэг болсон маань харин хуримтлалын тогтолцоонд шилжихэд нэмэр болно гэж итгэх л үлдэж байна.
1960 онд төрсөн эмэгтэйчүүд энэ жил гавъяаныхаа амралтанд сууцгааж байгаа. Яамныхны хэлж байгаагаар 15000 эх 55 нас хүрч байгаа юм байна. Гэтэл тэдний тэтгэврийг хуульд заасан аргачлалаараа бодоод үзтэл өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсээс хамаагүй бага тоо гарчээ. Заримынх нь нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох нөхцөл үүсээд байгаа юм. Жишээлбэл, 1960 оноос өмнө төрсөн хүмүүсийн тэтгэвэр тооцсон аргачлалаар энэ онд насандаа суусан 55 настай бага ангийн баг эмэгтэйн тэтгэврийг бодвол 313 556 төгрөг авахаар байтал нэрийн дансны тухай хуулийн аргачлалаар бодоход 213 226 төгрөг байх тооцоо гарч байгаа юм.
Засгийн газраас энэ асуудлыг “сонголт хийх” хувилбараар шийдэхээр УИХ-д асуудал оруулаад байна. Юу гэсэн үг вэ гэхээр, даатгуулагч насандаа суухдаа хоёр янзын аргачлалаар, тодруулбал, “Нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийн 8 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасан аргачлалуудын аль алинаар бодуулж үзээд, аль өндөр гарч байгаагаар, өөрөөр хэлбэл, аль өөрт илүү таатай, ашигтай нөхцөлтэйгөөр нь тэтгэврээ тогтоолгож болох сонголт олгох замаар шийдэхээр болж байна. 
Олон жилийн цаанаас удтал хүсэн хүлээж, буруугаар ч болов илүү өөдрөг төсөөлж байсан “нэрийн данс” ийнхүү мухардалд орлоо. Хэдий хийсвэр ч гэлээ алсдаа бодитой болно гэж найдаж байсан хүмүүс олон. Үүсэж бий болсон нөхцөл, Засгийн газрын дэвшүүлж байгаа шийдлээс үзвэл нэрийн дансыг цаашдаа хэн ч сонгохгүй байж ч мэдэх юм. Анхнаасаа худлаа байсан шигээ огт байхгүй болох ч юм болов уу.
 
Эх сурвалж: