sonin.mn
 
 
Ойрхи Дорнод болон Хойд Африкийн цагаачдын сууж явсан завь, хөлөг онгоцууд живж олон хүний амь эрсэдсэн хэрэг ойр ойрхон гарах болсонтой холбоотойгоор Газар Дундын тэнгисийн эргүүл хамгаалалтыг сайжруулахад зориулах санхүүжилтийг гурав дахин нэмэхээр Европын Холбооны /ЕХ/  удирдагчид тохиролцлоо.
ЕХ-ны гишүүн 28 улсын удирдагчид өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод ээлжит бус дээд хэмжээний уулзалтаа хийжээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Газар Дундын тэнгист хөлөг онгоц хөмөрсний улмаас 800 гаруй цагаач амь эрсэдсэн юм.
 
Удирдагчид уулзалтын эхэнд дуугаа хураан чимээгүй байж хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.
 
Хамтарсан мэдэгдэлдээ ЕХ-ны удирдагчид “Эргийн эргүүл хамгаалалт, аврах ажиллагааг хариуцан үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хууль бусаар цагаачдыг тээвэрлэдэг этгээдүүдийг барих ажиллагаанд зориулах санхүүжилтийг гурав дахин нэмэхээр боллоо” гэжээ.
 
Ойрхи Дорнодын аюулгүй байдал муудаж байгаатай холбоотойгоор дүрвэгчдийг хүлээж авахыг сайн дураараа хүсч буй улсуудыг дэмжихээр тэд мөн тохиролцсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг