sonin.mn

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Ч.Хурцтай ярилцлаа.

-Геологи, уул уурхайн салбарын хүнтэй уулзаж байгаагийн хувьд Тавантолгойн асуудлаар байр суурийг тань сонсох нь зүйтэй болов уу. Та гэрээний төсөлтэй танилцсан уу?

-Тавантолгой, Оюутолгой, Хөвсгөлийн фосфор, Цагаан суварга, Эрдэнэтийг зөв ашигласан тохиол- долд улс орны амьдрал дээшилж, дэвжинэ. Түүнээс биш 10 тоннын нөөцтэй алтны орд ашиглаад ард түмэндээ хувь хүртээх хэмжээний ашиг олохгүй. Дээр дурдсан орд хоорондоо үйлдвэрийн технологийн хувьд холбоотойгоос гадна Монгол Улсын хөгжлийн хамгийн гол гогцоо нь болж байгаа юм. Тэгэхээр дээрх ордыг иргэдэд ямар ч ашиггүйгээр ажиллуулж эхэлбэл түүн шиг буруу зүйл байхгүй. Би Тавантолгойн гэрээний төслийг заалт бүрээр нь уншлаа. Гэхдээ зөв гэрээг нь уншиж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Юутай ч УИХ-ын цахим хуудаст гарсан хувилбарыг нь бариад сууж байна. Ер нь худалч хүн аливаа зүйлсээс зугтахын тулд ойлгомжгүй, урт сунжруу, ямар ч агуулгагүй юм бичдэг. Чухамдаа Тавантолгойн гэрээг нарийвчлан харахаар Оюутолгойн гэрээнээс долоон дор маш муу болсон байна. Манай улс баялгаа бүгдийг нь алдаж байгаа ийм гэрээний төсөл хийчихээд сууж байна. Монгол хүн өөрийнхөө баялагт эзэн байх эрхээ алдаж байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хоёу­ лаа миний ширээн дээр байна. Таван­ толгойн гэрээгээр Монгол нэртэй гадаадын компанид бүх эрх мэдлийг нь өгчихсөн байна. Энэ гэрээгээр монголчууд үүрэг хүлээгээд нөгөө тал баахан эрх эдлээд л байна. Ийм гэрээг анх Оюутолгой дээр эхэлсэн. Тэгвэл үүнийг Тавантолгойн хэлэлцээрт үргэлжлүүлж, монголчуудыг хог дээр гаргасан гэрээ хийсэн. Тиймээс булхайтай, будилаантай Тавантолгойн гэрээний төслийг буцаасан УИХ­ын дарга З.Энхболд, УИХ­ын гишүүдэд би баярлаж байна. Засгийн газар төсөв мөнгө олохын тулд улайрч байгаагаас биш ард түмний нийтлэг эрх ашгийг харгалзаж үзээгүй. Би геологич хүн, судлаач, эрдэмтэн хүний хувьд Засгийн газрын байр суурийг хараад үнэхээр ичиж байна. Одоо ч хэн дуртай нь хаана ч хамаагүй хүссэнээ ярьдаг болж дээ. Яг үнэндээ Тавантолгойн гэрээгээр монголын ард түмэнд орж ирэх ямар ч ашиг байхгүй.

-Таныхаар ямар байдлаар гэрээг хийвэл бидэнд ашигтай байх вэ?

­Бидэнд бэлхнээ Эрдэнэт үйлдвэрийн жишээ байна. Энэ үйлдвэрийг барихын тулд эхлээд төмөр замаа барьсан. Хотоо босгож, эхнэр, хүүхдүүдийг нь ажилтай, орлоготой байлгахын тулд хүнсний болон хивсний үйлдвэр байгуулсан. Оршин суугчдаа эрүүл хүнсээр хангахын тулд Улаантолгойн сангийн аж ахуйг ногоо, сүүний Бургалтайн сангийн аж ахуйг тариа, мал махны чиглэлээр байгуулсны дараа үйлдвэр ашиглалтад орсон. Ийм жишээг монголчууд өөрсдөө хэрэгжүүлчихээд өнөөдөр яагаад гадаадынханд хамаг баялгаа алдахдаа тулчихаад байгаа юм.Тавантолгой өнөөдрийг хүртэл олигтой баталсан ТЭЗҮ­гүй байгаа. Ямар хөрөнгөөр үйлдвэр барих, эргээд хэдэн төгрөгийн ашиг олох нь тодорхойгүй. Ухаа­хутагт нэг тонн нүүрс гаргахын тулд 8­9 метр куб хөрс хуулж байгаа бол Тавантолгой дээр 3­4 метр куб хөрс хуулж, нэг тонн сайн чанарын нүүрс ашиглаж байгаа. Тэгэхээр Тавантолгой өдөр ирэх тусам гүн рүүгээ явна гэсэн үг. Хэрвээ ингэж сорчилж ашиглавал нэг тонн нүүрс гаргахын тулд 10 метр куб хөрс хуулж таарах нь. Зүй ёсоороо бол ашигт малтмалын орд ашиглахдаа тогтвортой 50­100 жилийн алсыг харсан бодлогоор энэ орд газруудыг ашиглах учиртай. Гэтэл урт хугацаатай бодлогын хүрээнд том ордуудаа ашиглахаас илүүтэй өнөөдөр ашгийг нь хувааж цөлмөх гээд уралдаж байна шүү дээ. Уг нь олон улсын хамтарсан консорциум байгуулж ажиллаж байгаа нь зөв л дөө. Техник технологио өгөөд боловсруулсан бүтээгдэхүүн авах сонирхол өндөр хөгжилтэй орнуудын дунд их байна. Тэр дундаа нийгэм баримжаат төрийн төлөө ажиллаж байгаа олон улс ийм хандлагатай боллоо. Жишээ нь, Япон, Герман, Финланд зэрэг орнуудыг нэрлэж болно. Эсрэгээрээ манайд яаж байна. Монголын газар шорооноос авсан хүдэр, нүүрсийг түүхийгээр нь зөөж, нутагтаа аваачиж боловсруулаад өндөр ашиг олж байна. Тэгэхээр Тавантолгой, Хөвсгөлийн фосфор, “Эрдэнэт” үйлдвэрийг нэгтгэж, гүн боловсруулах үйлдвэрлэлийн эхлэлийг тавихгүй байлгахын төлөө гадныхан ажиллаж байна. Монголчууд яагаад чадварлаг инженерүүдийнхээ мэдлэг боловсролыг ашиглахгүй байна вэ. Энэ байдал эцсийн дүндээ Тавантолгойн хэлэлцээрийг дампууруулах гэрээг боловсруулах үндэс суурийг тавьж өглөө. Би хувьдаа Тавантолгойн гэрээг ийм муу хийсэн нь Оюутолгойн гэрээг аврах гэсэн санаатай байж магадгүй гэж хардаж байгаа. Оюутолгойн гэрээ ямар их хэл ам таталсан билээ дээ. Гурван сая монголчууд стратегийн ач холбогдолтой орд газруудаа гадаадынханд үнэгүй шахам бэлэглэж байснаас ашиглахгүй зүгээр хэвтэж байсан нь дээр байлгүй. Миний хүү, хүүгийн минь хүү, тэдний хүүхдүүд төрнө. Монгол Улсад монголчууд мянга, мянган жил ажиллаж, амьдарна. Тиймээс мянган жилийн баялгийг цөөн тооны хүнийг баяжуулахын тулд ашиглах гэж яарах хэрэггүй. Энэ гэрээг байгуулбал эргэн тойрных нь 200 гаруй хүн хөлжинө гэдэг юм билээ. Энэ хүмүүс гурван сая хүнийг гуйлга гуйлгаж амьдруулах нь л дээ.

-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа байхгүй. Тухайн үеийн улстөрчдийн сонгуулийн шоу байсан гэдэг мэдээлэл гарах боллоо. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

 ­Иргэн болгонд хувьцаа байгаа. Бүх стратегийн орд газраасаа иргэд хувьцаа эзэмших ёстой. Тавантолгойгоос ч бусад ордоос нь ч хувь ногдол авна. Хуучин цагт байгалийн баялгийг ашигласныхаа төлөө эзэн хаанд тодорхой хувийг нь рояалти хэлбэрээр өгдөг байсан. Богдын засгийн үед “Монголор” нийгэмлэг ажиллаж байхдаа бүх олборлосон алтныхаа 19.7 хувийг Богдод тушааж байсан. Үүнийг хурааж авахын тулд Богд “Монголор”­ын алтны үйлдвэрт байнгын төлөөлөгчөө суулгадаг байсан. Шинжлэх ухааны технологийн ололт амжилтаар зэвсэглэсэн инженертэй Монгол Улс Богдын засгаас дор ажиллаж байна гэдэг ичгэвтэр явдал. Алтнаас манайх 2.5 хувийн рояалти авч байгаа. Өнөөдөр ашгийн татваргүй болгохын тулд Оюутолгойн гэрээг байгуулсан. Хөрөнгө оруулалтын зардал нь өдрөөс өдөрт нэмэгдээд байна гэдэг эцсийн дүндээ ашиггүй үйлдвэр ажиллуулснаас өөрцгүй. Бүх орлогын зургаан хувь нь хөрөнгө оруулалтыг олох гэж хөөцөлдөж байгаа компанийн нөхдүүд авч байна. Энэ зургаан хувийг ашгаас уу, орлогоос авах уу гэдэгт нарийн учир бий. Орлогын нэг хувь, ашгийн 10­15 хувьтай тэнцдэг. Хамгийн багадаа л таваас дээш хувь нь орлогын хэмжээнд явдаг. Ашиг гэдэг үйлдвэрлэлийн зардал, рояалтиг хасаад татвар шимтгэлээ хаяад явдаг. Манай зарим улс гадаадаас мөнгө авчихдаг юм уу. Яагаад ийм сэтгэлтэй болчихдог юм бүү мэд. Монголын ашигт малтмалыг гадаадынханд үнэгүй өгөхийн төлөө, иргэдэд юу ч хүртэхээргүй гэрээ хийдэг боллоо. Үүнийг ард түмэндээ хэлэхээс өөр арга алга. Дэлхийд байхгүй шахам үнэт баялгийг үнэгүйдүүлж, бусдад асар их ашиг олгож, тэндээс олсон мөнгөнөөс нь энэ гэрээг байгуулсан хүмүүс урамшуулал маягаар хөлжих гэж байна.

-Нөгөө талдаа эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойн төслөө хөдөлгөх ёстой гэсэн бодолтой хүн цөөнгүй байна. Харин та “Гадаадынханд үнэгүй өгснөөс ашиглаагүй нь дээр” гэж хэллээ. Энэ маргааныг ямар байдлаар хагалсан нь дээр вэ?

­Тавантолгойг яаралтай ашиглахыг шаардаж байгаа хүмүүс монголын үр хүүхдийн төлөө санаа зовохгүй байна. Монгол Улс эдийн засгийн хямралд өртлөө гэж байна. Засгийн газар өөрсдөө хямралд оруулж байгаа болохоос монгол хямраагүй байна. Орд газрууд, мал аж ахуй, том үйлдвэрүүд баригдаж байна. Засгийн газрыг мэргэжлийн бус хүмүүс бүрдүүлж байгаа нь Монголын төрийг дампууруулах үндсийг тавьж байна. Улстөрчид төр, нийгмийн харилцааны талаар онолдохоос цаашгүй.

-Тавантолгойн төмөр замыг ямар байдлаар тавих нь оновчтой гэж та үзэж байна вэ?

­Төмөр зам үндэсний аюулгүй байдлын үндэс юм. Монгол Улс оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдэгт дэд бүтцийн дөрвөн том хүчин зүйл багтдаг. Тодруулбал, төмөр зам, мэдээллийн системийн аюулгүй байдал, цахилгаан хангамж, хот байгуулалт. Манайхан шинэ сум байгуулах гээд улсын төсвөөс баахан мөнгө зарлаа. Энэ шинэ сум улсын хөгжлийн замтай холбогдохгүй байна. Монголын төмөр зам хаагуур гарах вэ. Төмөр замыг аль сумыг дайруулах вэ гэдгийг шийддэг. Хүн ам төвлөрсөн газраар төмөр зам тавих хэрэгтэй. Цагаан хаан шиг шугам татчихаад тал дундуур төмөр зам барь гэж үүрэгддэг нөхдүүд бас байна цаана чинь. Зүй нь бол Тавантолгойгоос Манлай сумаар дамжаад тэндээсээ Зүүнбаян хүртэл явж, энэ хооронд Цагаан суваргадаа ойрхон гараад тэндээс 10 гаруй километр газарт салаа зам тавиад зүүн тийшээгээ Үнэгтийн гөлтгөний орд газрыг дамжаад Зүүнбаян хүрнэ. Сайншандаас Чойбалсан хот хүрэх зам нь хамгийн түрүүнд Алтанширээ суманд очих ёстой. Тэндээс зүүн тийшээ Дэлгэрэх сумаар дамжиж, Сүхбаатар аймгийн төв рүү явахдаа Уулбаян, Халзан сумын аль нэгэнд нь ойртож очих учиртай. Би Уул баян талаар нь явсан нь дээр гэж бодож байна. Учир нь төмрийн хүдрийн нөөцтэй. Удахгүй ашиглалт эхлэх гэж байна. Төмрийн орд газрыг ашиглах зөвшөөрөл олгохдоо эхлээд төмөр зам, дэд бүтцээ ярих хэрэгтэй. Түүнээс байгааг нь ухаж, дуусга гэсэн зөвшөөрөл олгоогүй. Баруун­Уртаас Сүхбаатар сум дамжаад Хөөт, цааш нь Эрвээ хошууны ойролцоогоор Чойбалсан хот хүрнэ. Чойбалсан хотын баруун, зүүн чухам аль талаар нь тавихаа шийдэх хэрэгтэй байх. Миний бодлоор баруун талаар нь тавьж, Хэрлэнгийн усан боомтын далан дээгүүр гарч, Чойбалсан хотын төмөр замтай нийлэх нь оновчтой байх гэж бодож байна. Ингэж төмөр замыг ашигт малтмалын орд газруудтайгаа тааруулж, төлөвлөх ёстой. Төмөр замыг ашигт малтмалын ордоос нь салгаж болохгүй. Яагаад гэвэл ашиглалтын зардал маш их гардаг гээд нарийн зүйл их бий. Саяхнаас Богд уулын урдуур төмөр зам тавих талаар ярих боллоо. Би дотроо баярлаж сууна. Багахан газар сэтлээд Мааньт руу орох байх. Энэ бол их зөв сонголт. Төмөр замыг ямар байдлаар тавихыг заадаг хүн нь би биш. Тэгэхээр мэддэг мэддэгээ л хийсэн нь дээр болов уу. Мэддэг хүмүүсийнхээ чадлыг нэгтгэж байж нэгдсэн бодлого гаргах нь ач холбогдолтой.

-Гацууртын ордыг ашиглах тухайд ямар байр суурьтай байна вэ?

 ­Гацууртын ордыг ашиглахдаа “Бороо Гоулд”­ын жишээг эргэж санамаар байна. Монголд 43 тонн алтны ордыг ашиглаж байхад Монголын талаас олборлосон алтанд нь хяналт тавих эрхээ алдчихсан. Тогтвортой байдлын гэрээ хийхдээ алтан дээр хяналт тавих заалтаа улстөрчид хаячихсан. Оростой анх удаа Мардайн уран дээр концессийн гэрээ байгуулсан. Мардайн уранаас авч байгаа хүдрийн технологи, хэмжээнд хяналт тавихын тулд ураны байгууллага дээр 20 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавих төрийн алба ажиллаж байсан. Тэндээс авсан мэдээллээ төр засагт өгдөг байсан. Өнөөдөр 100 хувийн концесс оруулж ирчихээд монголчууд огт хяналт тавьж чадахгүй байна. Хүний өгсөн татварыг авахын төлөө ажиллаж байна. Уг нь иргэд өөрсдийнхөө баялгийг хаашаа явж байгааг мэддэг баймаар. Одоо ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл дээр газар олгож байгаа болохоос хайгуулын ийм ажил хий гэсэн эрх олгоогүй. Тусгай зөвшөөрөл бол хайгуулын ажил гүйцэтгэх эрх. Түүнээс биш газар нутгийг эзэмших эрх биш. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь бидний тавьсан шаардлагын дагуу олборлолт явуулж болно гэсэн үг. Гадаадын компаниас бонус горьдсон хүмүүс ард түмнээ огт бодохгүй байна. Анх 1994 онд Ашигт малтмалын хуулийг хуульч Б.Чимэд гуайтай хийж байхдаа “Ашигт малтмалын орд төрийн өмч, бүх ард түмний мэдлийнх. Төр засаг нь хамгаалах ёстой” гээд Үндсэн хуульд заасан. Маш тодорхой бичсэн байхад хамгаалах учиртай төр нь баялгаа шүүрүүлж бай

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: "Монголын үнэн"сонин