sonin.mn
 
 
 Умард Солонгост шинжлэх ухааны ололт амжилтын талаар өгүүлдэг цахим хуудас нээгджээ.
 
 Уг цахим хуудас нь шинжлэх ухааны салбарын төлөөлөгчид, ажилчид, хөдөө аж ахуйн салбарын зохион байгуулагчид болон сургуулийн сурагчдын анхаарлыг татах болно гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг дурдаж байна.
 
Вэб хуудсанд байрлуулсан техникийн шинэ бүтээлүүдийн тухай материалууд нь анагаах ухааны хөгжлийн гол чиг хандлагууд, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээнүүдийн талаар уншигчдад мэдээлэл өгнө. Түүнчлэн шинжлэх ухааны чухал нээлтүүдийн тухай дүрс бичлэгийг уг цахим хуудсыг хэрэглэгчид үзэх боломжтой байна. Вэб хуудсанд мөн гар утаснаасаа орох боломжтой. Умард Солонгост гар утас хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ажээ.
 
Тус улсад гэрийн эзэгтэй нарт зориулсан бас нэгэн вэб хуудас ихээхэн нэрд гарч байгаа ажээ. Уг цахим хуудсанд маш олон хоолны жор, хоол хийх зөвлөгөө зэргийг дэлгэрэнгүй тайлбаруудын хамт оруулжээ.
 
Пхеньян хотод болсон үндэсний компьютерын программуудын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр дээрх вэб хуудсуудыг бүтээгчдэд чанарын сертификат гардуулсан байна.
 
"Кванмён" /"Гэрэл"/  гэж нэрлэсэн уг интернэтийн сүлжээ нь Умард Солонгост 2002 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлжээ. Уг цахим хуудсанд Засгийн газрын харьяа байгууллагууд, албан байгууллагууд, судалгааны болон боловсролын төвүүд, үйлдвэрүүд, хувь хүмүүс нэвтрэх боломжтой.
 
"Кванмён" сүлжээ нь дотоодын хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд дэлхийн интернэт сүлжээнд холбогдоогүй аж. Уг сүлжээнд тус улсын иргэд суурин утасны шугамаар холбогдож ордог байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг