sonin.mn

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ Таван толгойн гэрээ хэлэлцээрийг УИХ-д өргөн барьсан гэж мэдэгдлээ.

УИХ 72 цаг буюу гурав хоногийн дотор гэрээ хэлэлцээрийн бичиг баримтын бүрдүүлэлт ямар түвшинд байгааг нягтлаж үзсэн. Энэ хугацаанд ганц хоёр баримт бичиг дутуу байсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүний хүрээнд Засгийн газар Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай гэсэн тогтоол гарсан байна. 2012 оны тогтоолоор Эрдэнэс-Таван толгойн компанийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргасны үндсэн дээр 1 сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргав. Гэтэл төлбөрийг нь өгч чадаагүй. Мөн Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан байсан. Тиймээс иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэх хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ.Өргөдлийн байнгын хороо иргэдийн хүсэлтийг хүлээн авч Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгөв. Үүгээр Тавантолгойн гэрээнд дутуу байсан Эрдэнэс-Тавантолгойн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тухай асуудал шийдэгдсэн бөгөөд уг хэлэлцээрийг Засгийн газраас том  хэмжээний гэрээ хэмээн баталгаажуулжээ.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ"